01 Jul Авлигын Эсрэг НҮБ-ын Конвенц (2014.07.01)

АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН II БҮЛГИЙН  (УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ) ХЭРЭГЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ   СУДАЛГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

Мэдэгдэл

Энэхүү тайланг бэлтгэхэд ишлэл болгосон бүх цахим мэдээлэл, хэвлэмэл бүтээл, төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн мэдээлэл үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж үзэж, тайланд ашигласан  болно. Мөн энэхүү тайланд шаардлагатай мэдээллийг бүрэн олж цуглуулсан гэсэн баталгааг судалгааны баг өгөөгүй болно.

Тайланд тусгагдсан харьцуулалт, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж санал нь тус  “Эм Ди Эс энд Ассошейтс” ХХН-ийн зөвлөх үйлчилгээний багийн санал бөгөөд судалгааны ажлыг санхүүжүүлсэн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газрын хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”  төсөл, Авлигатай тэмцэх газрын албан ёсны байр суурь, үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Гарчиг

Өмнөх үг. 4

Оршил.. 5

Ерөнхий дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд.. 6

2015 онд өөрийн үнэлгээнээс өмнө хэрэгжүүлэхийг зөвлөж буй арга хэмжээ. 6

Конвенцийн 2 дугаар бүлгийн зүйл бүрээр хийсэн дүгнэлт, зөвлөмж… 9

5 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа. 9

6 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх байгууллага. 10

7 дугаар зүйл. Нийтийн алба. 11

8 дугаар зүйл. Нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрэм.. 14

9 дүгээр зүйл. Нийтийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, нийтийн санхүүг удирдах  16

10 дугаар зүйл. Олон нийтэд тайлагнах. 19

11 дүгээр зүйл. Шүүх, прокурорын байгууллагад хамаарах арга хэмжээ. 20

12 дугаар зүйл. Хувийн хэвшил. 21

13 дугаар зүйл. Нийгмийн оролцоо. 28

14 дүгээр зүйл. Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ. 31

Өмнөх үг

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний “Авлигатай тэмцэх дэлхийн хамгийн хүчтэй эрх зүйн зэвсэг” хэмээн тодорхойлсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенци (Конвенци)-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний 58/4 тоот тогтоолоор баталсан.

Монгол Улсын Их Хурал тус Конвенцийг 2005 оны 10 дугаар сарын 27-нд соёрхон баталж,  Конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг 2006 оны 1 дүгээр сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлж, уг Конвенци 2006 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн дотоодын хууль, тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж байна.

Энэхүү Конвенци нь авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд чиглэсэн хэм хэмжээг тогтоосон 8 бүлэг, 71 зүйлтэй олон улсын томоохон баримт бичиг бөгөөд өнөөдрийн байдлаар 170 улс нэгдэн ороод байна. НҮБ-аас Конвенцийн хэрэгжилтийг хянах механизмыг боловсронгуй болгох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдгийн нэг нь гишүүн улс орнууд Конвенцийн хэрэгжилтийн талаарх өөрийн үнэлгээг хийх явдал юм.

Монгол Улс Конвенцийн Хэрэгт тооцох, хууль сахиулах тухай 3 дугаар бүлэг, Олон улсын хамтын ажиллагааны тухай 4 дүгээр бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг 2010-2011 онд хийсэн. Харин  2015 онд Конвенцийн 2 ба 5 дугаар бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг хийхээр төлөвлөөд байна.

Өөрийн үнэлгээг зохих ёсоор бэлтгэж хийх нь гишүүн орнуудын авлигын эсрэг хүсэл эрмэлзлийн чухал илэрхийлэл болохын зэрэгцээ үндэсний байгууллагуудын зүгээс Конвенцийг хэрэгжүүлэх идэвх, оролцоог өрнүүлэх ач холбогдолтой. Энэхүү судалгааг 2015 оны Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн шинжээчид гүйцэтгэв.

Авлигатай тэмцэх газар УИХ-ын Тамгын газар, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл

   Оршил

Тус судалгааг “Эм Ди Эс энд Ассошейтс” ХХН 2014 оны 5 дугаар сарын 5-наас 7 дугаар сарын 4-ний хооронд хийж гүйцэтгэв.

 Судалгааны үндсэн зорилго нь Конвенцийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн нэртэй  2 дугаар бүлэг буюу 5-14 дүгээр зүйлийн  хэрэгжилтэд үнэлгээ хийж, авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа, тогтолцоог үр дүнтэй болгох, уялдаа холбоог хангах талаар санал, зөвлөмж бүхий дэлгэрэнгүй тайлан боловсруулахад оршино. Энэхүү товч тайланг олон нийтийг мэдээллээр хангах үүднээс боловсруулсан бөгөөд шаардлагатай бол дэлгэрэнгүй тайланг үзэж болно.

Судалгааны багийн ахлагчаар “Эм Ди Эс энд Ассошейтс” ХХН-ийн партнер Д. Дүгэржав, багийн гишүүнээр партнер Д.Мөнхгэрэл, туслах хуульч А.Мөнхзул, Б.Түвшинтунгалаг, И.Учралбаяр ажиллалаа.

 Судалгааг хийхдээ мэдээлэл цуглуулах, харьцуулан дүгнэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлох шинжилгээ хийх, нийтийн болон хувийн эрх зүйн байгууллагуудын цахим хуудас, олон нийтийн хүртээл болсон судалгааны тайлан, статистик мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, Авлигатай тэмцэх газар болон нийтийн албаны бусад байгууллагаас хэвлэмэл болон цахим хэлбэрээр авсан мэдээлэл, бусад нотлох баримтад үндэслэн Конвенцийн заалт бүрийн хэрэгжилтийг үнэлэв.

Түүнчлэн үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, аргачлал,  тэргүүн туршлага, нийтийн алба, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын практик үйл ажиллагаатай танилцах, урьдчилсан үнэлгээ, зөвлөмжийг холбогдох талуудаар хэлэлцүүлж, мэргэжилтнүүдийн саналыг авч, үнэлгээний тайланд тусгав. Эдгээр мэдээлэл, ажиглалт, судалгаа, харьцуулалт дээр үндэслэн Конвенцийн заалт бүрийн эрх зүйн орчин, практик хэрэгжилтийн байдлыг дүгнэн, санал зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.

 Үнэлгээг гүйцэтгэхдээ нийтийн алба, түүнтэй адилтгах байгууллага хуульд заасан үүргийн дагуу цахим хуудсаараа нийтийн хүртээл болгосон мэдээ, мэдээлэл, эсхүл, төрийн зохих байгууллагаас гаргаж өгсөн нотолгоог үндэслэх, энэ нь үнэлгээ хийх үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцсэн байх, хөндлөнгийн үнэлгээ хараат бус байх зарчмыг баримталсан.

Хөндлөнгийн үнэлгээний хараат бус байдлыг хангах зорилгоор тодорхой төрийн байгууллагын удирдлага буюу ажилтантай уулзаж, нийтийн хүртээл болоогүй мэдээллийг авч ашиглахаас аль болох зайлсхийсэн. Авлигаас урьдчилан сэргийлэх үндсийн үндэс бол ил тод байдал мөн. Мэдээллийн технологийн эрин үед ил тод байдлыг харьцангуй хямд өртгөөр хангах хууль зүй, техникийн нөхцөл манай оронд бүрдсэн байна. Иймд  Конвенцийн шаардлага, түүний заалт бүрийг Монгол Улс эрх зүйн орчны хувьд хэрхэн хангаж байгаа, Конвенц болон дотоодын хууль тогтоомж нь практикт хэрхэн хэрэгжиж байгааг иргэн бүр мэдэх, өөрийн түвшинд үнэлэх, төр засаг, цаашилбал, Нэгдсэн Үндэстний байгууллага хэдийд ч тольдож, үнэлж байх боломжийг Монгол Улсын хуулийн хүрээнд хангахад цаашид ч бүх шатанд анхаарлын төвдөө байлгах шаардлага тавигдаж байна. Магадгүй аль нэг нийтийн алба хаагч “Бидэнтэй уулзалгүйгээр үнэлгээ хийлээ” гэж  болох юм. Монгол Улсын иргэн бүр түүнтэй уулзаж мэдээлэл авах боломжгүй учир “Ажил хэрэг, шударга байдлаа нийтэд ил болго” гэсэн хандлагыг баримтлан, энэхүү тайланг бэлтгэв.

Хоёр сарын хугацаанд асар их мэдээлэлтэй танилцсан. Судалгааг анх удаа хийж буй тул дутуу дулимаг зүйл байгааг үгүйсгэхгүй. Санал зөвлөмжөө өгч, шүүмжлэлээ өрнүүлэх нь хэн бүхэнд нээлттэй байх болно.

“Эм Ди Эс энд Ассошейтс” ХХН-ийн судалгааны баг

Ерөнхий дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд

Авлигын эсрэг хууль батлагдаж, Авлигатай тэмцэх газар (АТГ) байгуулагдсан нь Конвенцийн үзэл санааг нэвтрүүлэх, бодит ажил болгоход чухал алхам болсон. Ил тод байдал бол авлигаас урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл мөн. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн ба хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль батлагдаж, бусад хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулсан нь авлигаас урьдчилан сэргийлэх хувьсгалын шинжтэй өөрчлөлт болжээ. Уг хуулиудын хэрэгжилт ахицтай байна. Төрийн болон хувийн хэвшилд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн таатай орчин бүрдэж байна.

Гэвч хуулийн хэрэгжилт зарим талаар маш хангалтгүй байгааг тайланд Конвенцийн зүйл тус бүрээр тодорхой дурдав.

Цаашид нийтийн албанаас гадна хувийн хэвшилд ил тод байдлыг хөхиүлэн дэмжих, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодитой алхам хийгдэхээр хүлээгдэж байна. Энэхүү тайлангийн зөвлөмж нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн асуудлыг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил олон нийтийн анхаарлын төвд оруулж, 2015 онд уг Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээ хийгдэх хүртэл эрх зүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилтийн хүрээнд анхаарвал зохих асуудалд чиглэсэн болно.

 Хуулиудын хэрэгжилтийг хангах талаар бүх оролцогч талуудын анхаарлыг хандуулж, үйл ажиллагааны уялдаа холбоо бүхий төрийн байгууллагуудын үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээний хамтын ажиллагааг идэвхитэй өрнүүлэх нь зүйтэй байна. Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн орчин үед цахим хуудсаараа үйл ажиллагаагаа ил тод болгож, олон нийтэд 24 цагийн турш тайлагнах бодит орчин бүрдсэн байна. Энэхүү таатай орчныг  төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх, зохистой засаглалыг хөгжүүлэх гол хэрэгслээ болгож дадах нь чухал байна.

Нийгмийн бүх хүрээг хамарсан үнэлгээ, судалгааны ажлыг хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлэх нь үнэлгээг бодитой болгох ач холбогдолтой. Цаашид үнэлгээ хийх хөндлөнгийн этгээдийг эцсийн тайлан хүлээж авахаас зургаан сараас нэг жилийн өмнө сонгон шалгаруулж, мэдээлэл цуглуулах, ажиглалт хийх, шаардлагатай тохиолдолд сэдэвчилсэн судалгаа, цугларсан материал дээр бүх талын шинжилгээ хийх цаг хугацааны боломж олгох нь үнэлгээний чанарт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

2015 онд өөрийн үнэлгээнээс өмнө хэрэгжүүлэхийг зөвлөж буй арга хэмжээ

1.  Авилгатай тэмцэх үндэсний хэмжээний үйл ажиллагааг эрчимтэй явуулах үүднээс Үндэсний хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, “Монгол Улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг нэн даруй УИХ-аар батлуулах шаардлагатай.

  1. Авлигын эсрэг эрх зүйн шинэ орчинд нийцүүлэн “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага: MNS 6285:2011”-ыг нэн даруй шинэчлэх шаардлагатай. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын зүгээс төрийн байгууллагын цахим хуудсыг хөгжүүлэх болон асуудал хариуцсан ажилтнуудыг чиглүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг төлөвлөгөөндөө тусган эрчимтэй зохион байгуулах нь зүйтэй.
  1. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах техникийн нөхцлийг байгууллага бүр бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд Сангийн яам, Мэдээллийн технологийн газар, төв орон нутгийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, санхүүгийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудын нэгдсэн ойлголт чухал тул хуулийг сурталчлах, хэрэгжилтийн хангах эрх зүй, зохион байгуулалтын ажлыг шахуу төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай Энэхүү хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн оролцоог хангахад чиглэсэн гарын авлага, сурталчилгааны мэдээлэл, материал бэлтгэх, түгээхэд АТГ, СЯ, ХЗЯ, Мэдээллийн технологийн газар зэрэг байгууллага бүр өөрийн чиг үүргийн дагуу шаардлагатай арга хэмжээ авах, энэ оны 12 дугаар сард хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хэлэлцүүлэг хийж, ажлын уялдааг хангах нь зүйтэй.
  1. АТГ орон нутагт бүтэцтэй болох асуудлыг судалж, эхний ээлжинд Дархан, Эрдэнэт зэрэг хүн ам нягт суурьшсан газарт орон тооны ажилтантай болох, аажимдаа орон нутагт ажиллах хүний нөөцөөр хангах арга хэмжээг бодлого, төлөвлөгөөтэй нэмэгдүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. АТГ-ын зүгээс авлига гарах эрсдлийг хожим нь тодорхойлж, мөрдөн шийтгэх биш, урьдчилан тооцож, угтсан арга хэмжээ авч байх шаардлагатай. Жишээ нь, тухайн аль нэг яам өндөр үнийн дүнтэй, хэд хэдэн тендер зарлах гэж байгаа бол яамны холбогдох (авлигад өртөж болзошгүй) албан тушаалтан, Худалдан авах ажиллагааны газар, үнэлгээний хорооны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийх (мэдээж дотоод ажилд нь оролцохгүй), хуулийн холбогдох заалтыг сануулсан захидал илгээх гэх мэт арга хэмжээ авах нь авлигаас урьдчилан сэргийлэх хүчтэй хэрэгсэл болно гэж үзэж байна. Түүнчлэн судалгааг “хуульд заасан тул хугацаанд нь хийх” нь чухал боловч үр дүнгээр нь маш тодорхой арга хэмжээ авч, зохих үнэлгээ хийдэг байх, урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлэгт шилжүүлдэг байх, шинэ чиглэлээр тандалт, судалгаа хийдэг байх нь зүйтэй.

Олон нийтийн дунд АТГ-ын чиг үүргийг ойлгосон, хүндэтгэсэн хандлага дээшилж байгааг судалгаа нотолж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг бодит үйл явдлыг угтуулан, соргогоор мэдэрч, цаг үеийг нь олж идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь, саяхан Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орж, лицензийн талаар урьд нь түдгэлзүүлээд байсан шийдвэр сэргээгдлээ. Авлигын эрсдэл бий болох нөхцөл байна гэж үзвэл АТГ юу хийх ёстой вэ? Тэр эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга, хэлбэрийн үйл ажиллагааг явуулах вэ гэдэг дээр зохих анхаарал хандуулж цаг үеэ мэдэрсэн жинхэнэ урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Эдгээр зөвлөмж нь тус газрын энэхүү эерэг нэр төрд үндэслэж байгаа бөгөөд жорыг нь хэтрүүлж болохгүй гэдгийг хатуу санах нь зүйтэй. АТГ-ын ажилтны ялимгүй ч гэлээ хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйгүй үг, үйлдэл бүр тус байгууллагыг хүндэтгэх хандлагыг “үл итгэх, эсхүл айдас”-ын хандлага болгон эргүүлэх аюултайг онцлон тэмдэглэж байна.

  1. Төрийн албаны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн ба хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай, Авлигын эсрэг зэрэг холбогдох хуулиудад төрийн албан хаагчийн үүрэг, түүнд хориглох, хязгаарлах зүйл, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар, мөн Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулиудад тусгагдсан мэдээллийг ил тод болгох цагалбар, хугацааны хувьд хэрхэн уялдаж, хэрэгжих боломж хангагдаж байгаа талаарх давхардал, хийдэл, зөрчлийн судалгаа хийж, аль хууль нь тухайн харилцааг зохицуулах гол хууль болох, бусад хуульд хэрхэн давхардалгүйгээр ишлэл хийх талаар нухацтай шинжилгээ хийж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай. Зарим байгууллагын хувьд тодорхой мэдээллийг нууцлах шаардлагатай бол энэ харилцаагаа ч тодруулсан зохицуулалтаа оруулах нь зүйтэй.
  2. Шударга нийгмийг тогтоох, авлигын эсрэг үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх талаар АТГ-аас гадна УЕПГ, ШЕЗ, ТЕГ, ҮТЕГ, ГЕГ, УНДЕГазар зэрэг холбогдох төрийн байгууллагыг татан оролцуулж, үндэсний зөвшилцлийг бий болгох хэрэгтэй. АТГ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж Компанийн засаглалын кодекст нэмэлт оруулж, төртэй харилцах сайн дадал, авлигатай тэмцэх бодлогын талаар тодорхой тусгах нь зүйтэй.
  1. Худалдан авах ажиллагаанд оролцох компаниудад “бага үнийн” шалгуур тавихаас илүүтэйгээр “хуулиар тогтоосон мэдээллээ ил тод болгосон, засаглал сайтай, биржид бүртгэлтэй” гэдэг шалгуурт давуу байдал олгосон зохицуулалтыг бий болгох нь авлигаас урьдчилан сэргийлэх чухал алхам болно. Тендерт гол төлөв ардаа “сайн авилгач мотортой” биржид бүртгэлгүй, гол нь санхүүгийн мэдээллээ ил тод болгох үүргийг хуулиар хүлээдэггүй ХХК оролцдог болох нь хэдийгээр бүх 272 барилга, обьектын тендерийг авсан компаниудын мэдээлэл хэвлэлээр бүрэн хэмжээнд цацагдаагүй ч “дуусаагүй барилгын” гэх дуулианд холбогдсон компаниуд дотор биржид бүртгэлтэй, ТОР 20 индекст багтсан компанийн нэр сонсогдохгүй байгаагаас харагдаж байна.
  1. 2008 оноос хойш бүртгэлийн байгууллагад мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж цахимжуулсан нь тэр үеэс хойш бүртгэлийн үйлчилгээ авлигад өртөмтгий 5 салбарын хүрээнд нэрлэгдэхгүй болоход нөлөөлсөн гэж үзэж байна. “Компьютер авлига нэхдэггүй” учир төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг нэврүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлж, хүнд суртлыг арилгах чухал нөхцөл болохыг нотолж байна.

Татаас (концессийг оролцуулан), тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх, гэрчилгээ олгох төрийн аль нэг байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой үйл ажиллагаан дахь авлигын нөхцөл байдал, хүнд суртлын арга хэлбэр, тархалтын талаар тусдаа судалгаа хийж, зохих арга хэмжээ авах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл, бүртгэл, төрийн бусад үйлчилгээг цахимжуулах талаар онцгой анхаарч төрийн байгууллага бүр зохих техникийн нөхцөл, хүний нөөцийн бэлтгэлийг хангах үе шаттай, харилцан уялдаатай арга хэмжээг авах, үүнтэй холбоотойгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газрын статусыг дээшлүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг дахин авч үзэж, төрийн дээд түвшинд авлигыг бууруулах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тууштай үргэлжлүүлж, 2015 онд Конвенцийн хэрэгжилтийн тайландаа төр хэлэх үгтэй болохыг зөвлөж байна.
  1. Санхүүгийн гүйлгээ бүрийг зөвхөн уг гүйлгээний үр дүнг шууд хүртэх этгээдийн нэрээр хийх шаардлагыг хуульчлах шаардлагатай. Энэ талаар БНСУ-ын Real Name Financial Transaction Act зэрэг олон улсын туршлагыг судалж хуульчлах нь авлигаас урьдчилан сэргийлэх үндсийн үндэс болно
  1. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчийг эрүүгийн хариуцлагад татдаг явдлыг халахаар хэлэлцүүлэх явцад Конвенцийн үзэл санааг харгалзан үзэж, “бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх“, “үндэсний аюулгүй байдал, олон нийтийн дэг журам, олон нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” талаарх хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд иргэний эрх зүйн хариуцлагаас өөр хариуцлага байх эсэхийг тухайн этгээдийн сэдэлт, зориуд санаатай тохиолдлын талаар нарийвчлан судалж, Гэмт хэргийн тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлахдаа нэгэн зэрэг шийдвэрлэхийг зөвлөж байна.

Нэг үе сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт шийтгэж байсан. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл үүнийг зогсоож байгаа юм байна. Ийнхүү хэт туйлширч байгаад бид болгоомжтой хандаж байна. Сэтгүүлчид худалдагддаг, “хаалтын гэрээ” байгуулдаг явдлаас хэрхэн гарах арга замыг Гэмт хэргийн тухай хуулиар шийдвэрлэж байна уу, өөр ямар арга хэмжээ хэрэгтэй вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай.

Конвенцийн 2 дугаар бүлгийн зүйл бүрээр хийсэн дүгнэлт, зөвлөмж

Тайланд Конвенцийн зүйл тус бүрийн агуулгыг бүрэн хэмжээгээр оруулж, тухайн зүйлийн хувьд эрх зүйн болон практик хэрэгжилтийн талаар өгсөн гол дүгнэлт, түүнд үндэслэн гаргасан зөвлөмжийг дор сийрүүлэв.

5 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа

Монгол Улс нийгмийн оролцоог хөхиүлэн дэмжсэн, хууль дээдлэх ёс, нийтийн хэрэг болон нийтийн эд хөрөнгийг зохистойгоор удирдах, үнэнч шудрага, ил тод байх, хариуцан тайлагнах зарчмыг тусгасан авлигын эсрэг бодлого явуулах хүсэл зоригоо Үндсэн хууль, бусад хууль, төрийн эрх барих дээд байгууллагаас батлан  гаргасан удаа дараагийн баримт бичгээрээ нотолсон гэж үзэж байна.

Холбогдох төрийн байгууллага Авлигатай тэмцэх хөтөлбөрийн үнэлгээ хийж, үнэлгээний тайланд тусгагдсан санал зөвлөмж нь хууль тогтоомжид тусгалаа олсон хэдий ч хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд хүргээгүй байна. Иймд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн 7.1.9-д   зааснаар салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан, тухай бүр шинэчлэн үйл ажиллагааны ил тод байдлаа хангах тухай хуулиар тогтоосон шаардлага хангагдахгүй байна.

Конвенцийн 5 дугаар зүйлийн 1-д заасан авлигын эсрэг бодлого нь тодорхой цаг хугацаа, зорилт, үйл ажиллагаа, үр дүнг үнэлэх үзүүлэлт бүхий богино, дунд, урт хугацааны хөтөлбөрөөр тодорхойлогдох нь төрийн үйл ажиллагаанд түгээмэл байна. Гэтэл 2010 онд хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойш шинээр хөтөлбөр батлагдаагүй байна.

  • Авилгалтай тэмцэх үндэсний хэмжээний үйл ажиллагааг  эрчимтэй явуулах үүднээс Үндэсний хөтөлбөрийн тасралтгүй үргэлжлэх байдлыг хангаж, “Монгол Улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг нэн даруй УИХ-д өргөн барьж, батлуулах
  • Хөтөлбөрөөр дэвшүүлэх зорилт, зорилгыг оновчтой тодорхойлж, тухайн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнг үнэлэх үзүүлэлтийг нарийвчлан тусгах
  • 2002 оноос хойшхи авлигатай тэмцэх бодлого, зорилт, хэрэгжилтийн ил тод байдлыг хангаж, 2002-2010 онд хэрэгжүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн тайланг АТГ, ЗГХЭГ-ыг цахим хуудсанд байршуулан, олон нийтийн мэдээллийг сайжруулах
  • Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн 7.1.9-д  заасны  дагуу бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг байнга шинэчилж, олон нийтэд нээлттэй болгож байх

АТГ нь орон нутагт өөрийн бүтэцгүй байна. Төвдөө төдийгүй орон нутагт авлига гарсаар буйг судалгаа харуулж байна. Иймд орон нутгийн байгууллагуудын оролцоог хангасан, идэвх санаачлага дээр тулгуурласан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын илүү их үр дүнтэй, далайцтай арга, хэлбэр үгүйлэгдэж байна.

  • Авлигын шалтгаан нөхцлийг арилгахад чиглэсэн ажлыг эрчимжүүлэх ажил, арга хэмжээг тодорхой судалгаан дээр тулгуурлах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх ажлын тодорхой төрлийг сонгож, тодорхой зорилтот бүлэгт чиглүүлэх.
  • Орон нутагт дээрх ажлыг илүү өргөн цар хүрээтэй явуулах тогтолцоог бүрдүүлэхдээ орон нутагт салбартай төрийн бус байгууллагыг татан оролцуулах.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж нь авлигаас урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэхэд хангалттай байгаа эсэхийг нь байнга үнэлж дүгнэн, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу шаардлагатай хуулийг шинээр баталж, эрх зүйн орчныг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авч байна.

  • Хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо хүчин төгөлдөр хуулиудын уялдааг хангах, нэр томъёог нэгтгэх арга хэмжээг хамтад нь авах нь зүйтэй. Тухайлбал, нийтийн алба, төрийн алба гэсэн нэр томъёо жигдрээгүй байна.
  • Авлигын эсрэг шинээр батлагдсан хуулиудын заалт бүрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг төрийн байгууллага бүрээр тайлагнуулж авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажил хэрэг болгох;
  • Хуульд заасан 4 чиглэлээр цахим хуудсандаа байршуулбал зохих мэдээллийг хуульд заасан хугацаанд байршуулж тухай бүр шинэчилж  байх.

Оролцогч улсууд энэ зүйлд заасан арга хэмжээг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр өөр хоорондоо болон холбогдох олон улсын ба бүс нутгийн байгууллагатай эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн аль тохирох байдлаар хамтран ажиллахад шаардлагатай бүрэн эрх Авлигатай тэмцэх газарт хуулиар олгогдсон нь Конвенцийн үзэл санаанд нийцэж байна.

  • Хоёр хөрш, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж байгаа бусад гол гол улсуудтай хэрхэн хамтран ажиллаж, шаардлагатай мэдээлэл, туршлага солилцох талаар хоёр талын хүлээн зөвшөөрсөн, илүү тодорхой  баримт бичгийн түвшинд хүргэн хөгжүүлэх.
  • Олон улсын хурал, семинар, арга хэмжээнд оролцсоны дагуу ямар төсөл хөтөлбөр хамтын ажилллагааг эхлүүлсэн, хөгжүүлсэн, ямар шинэ туршлагыг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар оролцогч бүр тухайн үед нь тайлан бичиж, жилийн эцсийн тайландаа тодорхой зүйл заалт болгон тусгаж байх
  • Төсөв санхүүгийн хүндрэлийн улмаас тодорхой төсөл хөтөлбөрт оролцож амждаггүй бол энэ тухайгаа тайланд тусгаж байх

Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр олон улсын болон бус нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар зохих хүчин чармайлт гаргаж байна. Түүнчлэн АТГ газар нь  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөгжлийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай авлигатай тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад зохих анхаарал тавьж байна.

  • Авлигатай тэмцэх дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийн байдлыг тайлан мэдээлэлдээ тодорхой тусгах;
  • АТГ нь хөдөө орон нутагт өөрийн салбар нэгжгүй учир аймаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, үр дүнгийн талаарх  мэдээллээ нийтэд хүргэх, сайн туршлагыг нэвтрүүлэх.

6 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх байгууллага

АТГ-ыг байгуулсан нь авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн төдийгүй Конвенци болон дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бодитой алхам болсон. Судалгаанаас үзвэл АТГ нь авлигаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэх олон нийтийн итгэл өндөр байна. Харин зарим хууль сахиулах байгууллагуудын тайланг судлах явцад авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой зүйл тусгагдаагүй байгаа нь уг чиглэлээр хийсэн ажлын хэрэгжилтийг үнэлэх боломжгүйд хүргэж байна.

  • Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны тайланг цахим хуудсандаа байршуулах эсвэл байгууллагуудын жилийн эцсийн тайланд нэг зүйл болгон оруулж хэвшүүлэхийг зөвлөж байна.
  • Урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагуудын мэдээллийн самбар, веб сайтад энэ талаар тогтмол мэдээлэх цонхтой болгох, иргэдэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг таниулан улмаар авлига өгөхгүйгээр үйлчлүүлэх боломжтойг ухуулан таниулах.
  • Иргэдийг хамгийн их бухимдуулж, хүндрэл, чирэгдэл учруулдаг салбарт чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг илүү цэгцтэй бодлогын хүрээнд явуулах, үйл ажиллагаа төсөв төлөвлөгөөг нь иргэдэд ил тод болгох.
  • Хүүхэд залуусыг бага наснаас нь төлөвшүүлж, ёс зүйн  боловсрол олгож, авлигыг үл тэвчих, шударга ёсыг эрхэмлэх үзэлтэй болгох зорилгоор 12 жилийн сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгах. Ингэхдээ бие даасан хичээл бий болгох гэхээс илүү судалж буй хичээлийн тодорхой сэдэвт нь суулгаж өгөх нь зүйтэй байна.

АТГ газар хуульд заасан чиг үүргээ орон нутагт хэрэгжүүлэхдээ цаг үеийн шинжтэйгээр буюу тодорхой хугацаанд орон нутагт ажиллах хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь Конвенцийн “чиг үүргээ үр дүнтэйгээр” биелүүлэх гэсэн агуулгад төдийлөн нийцэхгүй байна. Нөгөө талаар, орон нутагт ажиллах дээр дурьдсан үйл ажиллагааны хэлбэр нь ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулахад хүргэж байна.

АТГ-ын ажилтныг бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, давтан сургалтанд хамруулах нэгдсэн системтэй холбоотой зохицуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.

  • АТГ-ын газрын чиг үүрэг, бүрэн эрхийг орон нутагт хэрэгжүүлэх бүтэц (ажилтан)-ийн асуудлыг нарийвчлан судалж зохих түвшинд шийдвэрлэх
  • Байгууллагуудын тайланд ЭБАТ-ын тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлыг оруулах, авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлыг дэлгэрэнгүй нотлох баримтын хамт оруулж байвал дараагийн судалгаа хийхэд хялбар болохоор байна;
  • АТГ-ын хүний нөөцийн ур чадварыг тодорхойлох мэдээллийг ил тод болгох;
  • АТГ өөрөө сонирхлын зөрчлийн мэдэгдэл, нөлөөллийн мэдүүлэг гаргадаг эсэх талаарх мэдээллээ ил болгох.

Авлигаас урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэхэд бусад оролцогч улсад тусалж туслалцаа үзүүлэх байгууллагыг тодорхойлох гэсэн Конвенцийн 6.3 дах заалт хэрэгжсэн гэж үзэхээр байна.

7 дугаар зүйл. Нийтийн алба

Конвенцийн энэ зүйлд заасан шаардлагыг хангах талаар зохих алхам хийгдэж байна. Гэхдээ хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах талаар анхаарах асуудлууд байсаар байна.

Конвенцид заасан “үр ашигтай” гэсэн зарчим нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй, төрийн алба тогтвортой байх, төрийн албан хаагч албан тушаал дэвших карьерийн бодлогын талаар тодорхой зохицуулалтгүй байна.

  • Албан тушаалтныг сонгон шалгаруулах, ажилд авах, ажиллуулах, албан тушаал дэвшүүлэх, чөлөөлөх “үр ашигтай” тогтолцоог бий болгох чиглэлээр Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.
  • Төрийн албаны тухай хуулийн 17.9-д Хуульч сонгон шалгаруулах тухай хууль нь хүчингүй болсон тул энэхүү алдааг залруулах нь зүйтэй.

Төрийн захиргааны байгууллагууд сул ажлын байр гармагц ажлын байрны захиалгаа Төрийн албаны зөвлөлд (ТАЗ) хүргүүлдэг тул ТАЗ-ийн хуудсаар ажлын байрны зар гардаг байна. Иймд иргэн бүр энэхүү зартай танилцах боломжтой, ил тод байдлыг хангаж байна гэж үзэж байна.

  • Шинэ дарга томилогдоход “өөрийн” хүнээ албан тушаалд томилдог байдлыг цэгцлэх шаардлагатай. Төрийн албан хаагчид шахалт үзүүлэн өөрөөр нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлэх явдал түгээмэл байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн “тогтвортой байх” зарчмыг зөрчиж байна. Иймд Төрийн албан хаагчийн карьерийн бодлогыг тодорхойлж хуульчлан батлах нь зүйтэй.

Конвенцийн “авлигад өртөмтгий гэж тооцогдох нийтийн албан тушаал” гэдэгт ямар ажил, албан тушаал хамаарах талаарх ойлголт тодорхойлоогүй, авлигад өртөмтгий албан тушаалд сонгон авахад тавигдах шаардлага, мөн тэрхүү ажилтныг сургах, сэлгэн ажиллуулах чиглэлээр зохицуулсан нарийвчилсан хуулийн зохицуулалт болон журам хангалтгүй байна.

  • Дээрх чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Төрийн албаны тухай хуулийн 22.2 болон Гаалийн тухай хуулийн 274.3 заалтууд дах төрийн албан хаагчийг 2 жил хүртэлх хугацаагаар сэлгэн ажиллуулж болно, гаалийн байцаагчийг 2 жил хүртэлх хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэсэн хоёр заалт нь давхцаж байна. Гаалийн байцаагч нь төрийн албан хаагч мөн тул Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана гэж үзэж байна. Иймд дээрх хоёр хуулийн давхардлыг арилгах
  • Мөн авлигад хамгийн их өртөх эрсдэлтэй байгууллагууд салбарынхаа хуульд яг ямар албан тушаал дээр ажиллаж байгаа албан хаагчдаа хэдэн жил тутамд сэлгэн ажиллуулах талаар нарийвчлан оруулж өгөх нь зүйтэй.
  • Судалгаагаар газрын алба хамгийн авлигад өртөмтгий салбар гэж тооцогддог. Тэдэнд чиглэсэн эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй байна.
  • Хамгийн их авлигад өртөх эрсдэлтэй гэж үздэг байгууллагууд албан хаагчдаа тогтмол хугацаанд сэлгэн ажиллуулснаар авлигаас урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байгаа учир сэлгэн ажилуулах журам баталсан бол тэрхүү журмаа идэвхитэйгээр хэрэгжүүлэх нь зүйтэй.
  • Төрийн байгууллагууд авлигад өртөх эрсдэлтэй ажлын байрны жагсаалтаа батлан, тэрхүү албан тушаалд хувь хүн шалгаруулж авах тусгайлсан журам батлах, тухайн хүнийг ажилд авсны дараа, эсхүл ажилд сонгон шалгаруулсны дараа тусгайлсан сургалтанд хамруулдаг байх.
  • АТГ-аас авлигад өртөх эрсдэлтэй албан тушаалтнуудыг ажилд орох үед хамрагдах сургалтын хөтөлбөр бэлдэж, зохион байгуулах
  • Төрийн албан хаагчийн урамшуулал, цалингийн талаар олон хуульд янз бүрээр томъёолж оруулсан нь давхардал үүсгэж байна. Төрийн албаны хуульд үндсэн зохицуулалтаа тусгаж, бусад хуульд зөвхөн онцлогтой нь уялдсан урамшуулал, цалинтай холбоотой зохицуулалтыг тусгах

2013 онд Шүүгчдийн цалинг нэмсэн явдлыг маш оновчтой шийдвэр болсон. Үндсэн хуульд шүүгч хараат бус байж, гагцхүү хуулинд захирагдана гэж заасан. Үндсэн хуулийн дагуу шүүгч нь хараат бус байхын тулд хангалттай эдийн засгийн баталгаагаар хангагдах ёстой тул тэдний цалинг нэмсэн явдал нь Конвенцид нийцэж байна.

Төрийн албан хаагчийн цалингийн өнөөгийн түвшин, тэдний амьжиргаанд хүрэлцэхээргүй байна. Цалин бага байгаа учир төрийн байгууллагын албан тушаалтан авлигад өртөх магадлал маш өндөр юм. Иймд Конвенцийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.

  • Төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэригйлэх нэг гол хэрэгсэл нь тэдгээрийн цалин хөлс болох зарчмыг нийт төрийн албан хаагчдын хүрээнд бүрэн хэрэгжүүлэх

Бага дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсролын хуульд авлигыг үл тэвчих хүмүүжил олгох агуулга тодорхой тусгагдаагүй байна.

Монгол Улсын хууль тогтоомжид төрийн албан хаагчаас нийтийн чиг үүргийг зөв, нэр төртэй, зохих ёсоор биелүүлэх Конвенцийн шаардлагыг хангахуйц боловсролын болон сургалтын хөтөлбөрийг хөхиүлэн дэмжсэн зохицуулалт байдаггүй. Авлигын эсрэг хуулиар АТГ-аас төрийн байгууллагуудад авлигатай тэмцэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн мэдүүлэх талаар сургалт явуулах үүргийг өгсөн нь Конвенцийн чиг үүргээ биелүүлэхэд нь гарч болзошгүй авлигын эрсдлийн талаархи мэдлэгийг нь дээшлүүлэх мэргэшсэн бөгөөд зохих тусгай сургалтаар хангасан байх шаардлагад нийцэж байна гэж үзэж байна. АТГ-ын сургалт явуулдаг ажилтнууд нь энэ чиглэлээр мэргэшсэн байдаг тул мэргэжлийн түвшинд сургалт явуулдаг гэж үзэж байна.

  • Төрийн албаны тухай хуульд төрийн албанд анх орж байгаа иргэдийг сургалтанд хамруулдаг байх, уг сургалтын хөтөлбөрт авлигаас урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй авлигын эрсдлээс сэргийлэх талаарх зохих агуулгыг тусгасан байх шаардлагатай.

АТГ-аас ажилчдаа мэргэшүүлэх олон төрлийн сургалтанд идэвхтэй хамруулдаг, мөн түүнчлэн бусад төрийн албан хаагчдад авилгаас ангид байх сургалт явуулдаг боловч системтэй, тодорхой хөтөлбөр бүхий сургалт үгүйлэгдэж байна. Харин ТАЗ-ийн дэргэдэх Төрийн албаны институт нь удирдлагын чиглэлийн сургалт голчлон заадаг бөгөөд нийтийн албан хаагчийг давтан сургах гол чиг үүрэгтэй Удирдлагын академийн ёс зүйн хичээлийн агуулгад авлигаас урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй авлигын эрсдэлийн талаарх зохих агуулгыг оруулдаг эсэх талаарх мэдээлэл олдоогүй.

  • Төрийн албаны институт, Удирдлагын академитэй АТГ-аас хамтран ажиллаж, сургалтын агуулгыг Конвенцийн заалтад нийцүүлэх арга хэмжээ авах
  • Авлигатай холбоотой байж болох, эсхүл ёс зүйн шаардлага зөрчсөн ажилтныг ёс зүйн сургалтанд албан ёсоор суулгах арга хэмжээ авч болохыг судалж шийдвэрлэх (Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.7-д заасантай төсөөтэй зохицуулалтыг Төрийн албаны, эсхүл Авлигын эсрэг хуульд оруулах)
  • Авлигаас ангид байх ёс зүйг төлөвшүүлэх сургалтыг системтэй, тодорхой хөтөлбөрийн дагуу явуулах
  • Төрийн албаны тухай хуулийн 26.2-д “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэсэн заалт нь Гаалийн тухай хуулийн 284.2-д “284.2.Энэ хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэсэн хоёр хуулийн заалт нь хуулийн давхардал үүсгэж байна. Гаалийн байгууллага нь төрийн албанд хамаарах тул Гаалийн тухай хуулийн энэхүү заалтыг хасан Төрийн албаны тухай хуулиас ишлэл хийх;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.7-той төсөөтэй байдлаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулан “ёс зүйн сургалтад өөрийнх нь зардлаар албадан суулгах” шийтгэлийн төрлийг нэвтрүүлэх.
  • Гурван сонгуулийн хуулийн заалтууд нь хоорондоо давхцаж байгаа бөгөөд үүнийг нэгдсэн байдлаар нэг хууль болгон шинэчлэн найруулж тусгай, онцлог зохицуулалтыг дотор нь ялгаж өгөх нь зүйтэй.
  • Эсхүл нэг хуулиасаа бусад хуульд ишлэл хийх нь зүйтэй.

Сонгуульд оролцсон намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар заасан сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороонд (СЕХ) хүргүүлэх зохицуулалтаа хэрэгжүүлдэг гэж үзэж байна. Ийнхүү хүргүүлсэн тайланг СЕХ цахим хуудсаараа нийтэд мэдээлдэг нь Конвенцийн сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангахад чиглэсэн алхам болжээ.

  • Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланг нийтэд ил тод болгох шаардлагатай
  • Судалгаагаар сонгуулийн хандивыг авлигын нэг хэлбэр болдог гэж үзэж буй тул зохих судалгаан дээр үндэслэн улс төрийн намын санхүүжилтийн шударга механизмыг бий болгох шаардлагатай
  • Төрийн албан хаагч “off shore” бүсэд, гадаадад нээсэн дансаа мэдүүлдэг байх талаар хуульд нэмэлт оруулах
  • Авлигын эсрэг эрх зүйн шинэ орчинд нийцүүлэн “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага: MNS 6285:2011”-ыг нэн даруй шинэчлэхийг зөвлөж байна. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын зүгээс төрийн байгууллагын цахим хуудсыг хөгжүүлэх болон асуудал хариуцсан ажилтнуудыг чиглүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг төлөвлөгөөндөө тусган эрчимтэй зохион байгуулах нь зүйтэй.

8 дугаар зүйл. Нийтийн албан тушаалтны ёс зүйн дүрэм

Нийтийн албаны албан тушаалтны ёс зүйн дүрэмтэй байх хууль зүйн орчин бүрдсэн.

  • Төрийн өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг  Үндсэн хуулийн  Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалттай уялдуулан нарийвчлан судлах.

“Төрийн Улс төрийн …. албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм, стандартыг хууль тогтоомжоор тогтоох тухай” Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг бүрэн хэрэгжихгүй байна. Түүнчлэн төрийн ….  тусгай албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм, стандартыг хууль тогтоомжоор тогтоох тухай Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг бүрэн хэрэгжихгүй байна.

  • Төрийн улс төрийн болон тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг нэн даруй тогтоож, дүрмийг шинэчлэн батлах.
  • Ёс зүйн дүрмийг ил тод болгох
  • Төрийн байгууллагууд Ёс зүйн дүрмийн хэрэгжилт, зөрчил, хариу арга хэмжээнийхээ талаар тодорхой мэдээллийг тайланд тусгаж байх

Олон улсын ёс зүйн дүрэмд тусгагдсан зарим ач холбогдол бүхий зохицуулалт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд тусгагдаагүй байна.

  • Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг  Нийтийн албаны ёс зүйн тухай Олон Улсын стандарт  дүрмийн шаарлагатай зүйл, заалт, улмаар Авлигын эсрэг  болон бусад хуулийн агуулгад  нийцүүлэх.

Авлигын талаар болон ёс зүйн хэм хэмжээ, стандарт зөрчсөн нийтийн албан хаагчийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэх явдлыг хөнгөвчлөн дэмжих арга хэмжээ, тогтолцоог эрх зүйн баримт бичгийн түвшинд оновчтой тодорхой зохицуулаагүй гэж үзэхээр байна. Олон нийтэд нээлттэй байгаа  мэдээллийн хүрээнд  авлигын үйлдлийн талаар эрх бүхий зохих байгууллагад мэдээлэх явдлыг хөнгөвчлөн дэмжих арга хэмжээ, тогтолцоог тогтоох тухай Конвенцийн заалт практик хэрэгжилтийн  түвшинд ч хангалтгүй байна.

  • Авлигын үйлдлийн талаар мэдээлэх  журмыг хөнгөвчлөх, хялбаршуулах тогтолцоог бүрдүүлэх, түүнийхээ тухай  олон нийтэд нээлттэйгээр мэдээлж байх  нэгдсэн зөвлөмж, журам гаргаж мөрдүүлэх асуудлыг  АТГ-ын түвшинд шийдвэрлэх

УИХ-ын гишүүний давхар эрхэлж болох ажлыг УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль Үндсэн хуульд зааснаас өргөн хүрээнд хуульчилсан байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалт ч өөр хоорондоо зөрчилтэй байна.

Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчлийн 82 хувийг АТГ-ын хяналт шалгалтаар илрүүлсэн нь тус байгууллагаас хуульд заасан нэг гол чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлж байгааг илэрхийлж байна.

1996 оны Авилгалтай тэмцэх тухай хуулиар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх тогтсон систем бүрдээгүй байсан. Нийтийн албан тушаалтан нь чиг үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох албан үүргээс гадуурх үйл ажиллагаа, ажил, хөрөнгө оруулалт, хөрөнгө, том хэмжээний бэлэг буюу ашиг орлого зэргийнхээ талаарх зохих эрх бүхий байгууллагад мэдүүлж байх Конвенцийн шаардлага, нийтийн албан тушаалтан Хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдээлж байх Авилгын эсрэг хуулийн дагуу Нийтийн албан хаагчид мэдүүлгээ гаргаж хэвшиж байна.

  • Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэх, түүнчлэн санаатай болон болгоомжгүйгээр худал мэдээлэх үйлдлийг бууруулах чиглэлээр зөвхөн хариуцлага тооцохоос гадна нөлөөллийн тодорхой ажил зохион байгуулж байх.

Судалгаанаас үзэхэд 2013 онд Төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороодоос нийт 118 албан тушаалтны ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулсан байх бөгөөд үүнээс 89 нь анх удаа, 29 давтан ёс зүйн зөрчил гаргасан байна. Албан тушаалтууд ёс зүйн зөрчил давтан үйлдсэн хувь маш өндөр гэж байна.

  • Нийтийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын үр нөлөөтэй хэлбэрийг сонгоход ач холбогдол бүхий нарийвчилсан судалгаа хийх, ёс зүйн зөрчил гаргасан нийтийн албан хаагчийг хамт олны өмнө буруушаах, олон нийтэд мэдээлэх зэрэг тухайн хүний нэр хүндэд халдсан төрөл бүрийн арга хэмжээг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
  • Ёс зүйн хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх, сургалт зөвлөгөөг нэмэгдүүлэхэд анхаарч ёс зүйн хэсэгчилсэн сургалтуудыг ТАЗ-ийн дэргэдэх Төрийн албаны институтээрээ дамжуулан зохион байгуулах талаар онцгойлон анхаарах

9 дүгээр зүйл. Нийтийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, нийтийн санхүүг удирдах

Конвенцийн тендерт оролцох этгээдэд тендерээ бэлтгэж, ирүүлэхэд хангалттай хугацаа олгох зорилгоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам болон гэрээнд хамаарах мэдээллийг, түүний дотор тендерийн урилга болон гэрээ байгуулах эрх олгох талаарх холбогдох буюу тохирох мэдээллийг олон нийтэд тараах чиглэлээр Монгол Улсад эрх зүйн орчин бүрдсэн байна гэж үзэж байна.

  • Авлигатай тэмцэх газрын зүгээс Худалдан авах ажиллагаа түүний дотор орон нутгийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн явцад авлигаас урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь судалгаанаас үзвэл орон нутгийн худалдан авалт, тендер нь Авлигад хамгийн их өртсөн салбарын жагсаалтын гуравдугаарт 2012, 2013 онд тогтвортой нэрлэгдсэн байна.
  • Олон нийтийн зүгээс тендер хэлбэрийн төдий ил тод явагддаг. Цаагуураа тендерийн ялагч урьдаас тодорхой байдаг гэсэн шүүмжлэл байсаар байна.
  • Хуулийн хэрэгжилтийг хангах төрийн бүх байгууллага худалдан авах ажиллагааны талаар үйл ажиллагааны тайландаа тодорхой тусгаж, цахим хуудсандаа хуулийн хугацаанд тавьж хэвшүүлэх

Конвенцийн нийтийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шийдвэрийг гаргахад бодит бөгөөд урьдчилан тогтоосон шалгуурыг хэрэглэх гэсэн заалтын шаардлагыг хууль тогтоомжоороо хангаж байна. Худалдан авах ажиллагааг хангалттай хуульчилж өгсөн ч худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт, эрх олгох процесс зарим тохиолдолд шударга бус болдог байна. “Дуусаагүй барилгын” асуудал үүнийг нотолж байна.

  • Тендер шалгаруулалтын үр дүн үйл явцын хяналт, хариуцлагыг чангаруулах
  • Тендерт оролцогчдод сургалт зохион байгуулах
  • Үнэлгээний хорооны гишүүдэд тавигдах шаардлага хариуцлагыг чангатгах
  • Тендер шалгаруулалттай холбоотой гарч байгаа маргаан, зөрчлийн талаар нарийвчилсан судалгаа хийж, хуулийн холбогдох заалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал асуулга явуулах
  • Тендерийн талаарх маргааныг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох
  • Худалдан авах ажиллагааны нөхцөл байдлын талаар олон нийт, нийтийн албан тушаалтны гэсэн 2 ангиллаар судалгаа хийж харьцуулан дүгнэж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Зураг төсөл нь батлагдаагүй барилгын санхүүжилтийг төсөвт тусган батална гэдэг нь УИХ мөн хууль зөрчсөн гэж үнэлэгдэхээр байна. Мэдээж хэрэг, УИХ-аас байгуулагдсан ҮАГ нь ийм дүгнэлт хийх нь зохимжгүй. Олон жил он дамжиж төсвийг “сааж” байгаа 272 барилгын 72 хувийг зураг төсөлгүйгээр эх үүсвэрийг нь төсөвт тусгах үе шат бүрт оролцсон төрийн албан хаагчид бүгд УИХ-ыг хуурсан уу гэдгийг холбогдох төрийн байгууллагуудаас олон нийт асуух эрхтэй. Олон жил ужгирсан энэ үзэгдэл авлигаас ангид байсан уу гэдгийг авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах бүрэн эрх олгогдсон АТГ-аас бас асуух ёстой. Гол нь цаашид ийм зөрчил гаргахгүй байх нэгдсэн ойлголтонд хүрч, ижил тэгш, хууль ёсны, шударга шаардлагыг оролцогч бүр өөртөө, бие биедээ тавих нь зүйтэй. Зохих эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдэг нь сайн хэрэг. Харин баталсан хуулиа тендерт оролцогч компанийн эрх бүхий албан тушаалтан, Үнэлгээний хорооны гишүүнээс эхлээд УИХ-ын гишүүн бүр ягштал хэрэгжүүлэх шаардлагатай байна.

  • Хамгийн бага үнийн шалгуурыг хуульчилсан нь яам хийгээд тендер авах эрмэлзэлтэй оролцогчдын хувьд төсөвтөө багтааж үүргээ биелүүлэх боломжгүйд  хүргэдэг байх магадлалтай тул хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай;
  • Үнэлгээний хороонд ажилласан хүмүүсийн дунд нэргүй асуулга явуулж, тэдэнд тулгардаг бэрхшээл, нийгмийн ямар бүлгийн зүгээс (тендерт оролцогчид, эсхүл дарга нар гм) хөндлөнгөөс нөлөөлдөг эсэх талаар судалж, үр дүнгээр зохих арга хэмжээ авах
  • Тендерт оролцогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх системтэй арга хэмжээ авах шаардлагатай;
  • Үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын мэдүүлгийг бичгээр гаргаж хэвших, энэ тухай олон нийтэд нээлттэй тоо баримтаар мэдээлж хэвшүүлэх.
  • Тендерт оролцогч компанийн эрх бүхий албан тушаалтан, үнэлгээний хорооны гишүүнээс эхлээд УИХ-ын гишүүн бүр авлигыг үл тэвчих хандлагаар худалдан авах ажиллагаа, төсөв батлах ажиллагаанд хуулиа дээдэлж, УИХ-аас хууль ёсны шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх
  • Үндэсний төсөв батлах үйл ажиллагаанд илүү олон талыг оролцуулах талаарх санаачлагыг улам өргөжүүлэх
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах техник, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх. Уг хуулийн олон нийтэд өргөн сурталчлах ажлыг АТГ тэргүүлэн зохион байгуулах арга хэмжээ авах
  • Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлийн судалгаа, ажиглалт хийх талаар ТББ, хөндлөнгийн байгууллагууд мэргэшихэд харьцангуй урт хугацаатай гэрээ байгуулах замаар чадавхижуулах, өрсөлдөөнийг бий болгох талаар төрийн байгууллагууд анхаарах нь зүйтэй
  • Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын төсвийн мэдээлэл нь төрийн нууцтай холбоотой байдаг бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар тогтоосон шаардлагаас чухам аль заалт нь хамааралтай болохыг судалж, шаардлагатай бол зарим заалт эдгээр байгууллагуудад хамаарахгүй байхаар уг хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Үндэсний аудитын газрын санхүүгийн тайланд ямар байгууллага аудит хийх талаарх зохицуулалтыг хийдэлтэй орхих нь зөв үү гэдгийг судалж шийдвэрлэх. Шардлагатай бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зарим шаардлага тус байгууллагад хамаарахгүй гэдэг өөрчлөлтийг нэмж оруулах
  • Монголбанкны цахим хуудас нь улс орны санхүү, эдийн засгийн байдлын талаарх баялаг мэдээлэлтэй цаг үеэ мэдэрсэн, мэдээлэл сайтай сайт гэж үнэлэгддэг. Гэвч Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар шаардсан мэдээлэл тэнд байдаггүй. 2013 оны эцсээр хийсэн үнэлгээнд ч энэ талаар дурдагдаж байсан. Хэрэв Төв банкны онцгой статустай холбоотойгоор мэдээлэл нь нууц байх ёстой бол  уг хуульд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.

Шилэн дансны тухай хууль батлагдсанаар орлого, зарлагыг цаг тухайд нь ил тод болгох  Конвенцийн шаарлагыг эрх зүйн орчны хувьд манай улс хангаад байна.

  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах техникийн нөхцлийг байгууллага бүр бүрдүүлэх. Үүнд, Сангийн яам, Мэдээллийн технологийн газар, төв орон нутгийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, санхүүгийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудын нэгдсэн ойлголт чухал тул хуулийг сурталчлах, хэрэгжилтийн хангах эрх зүй, зохион байгуулалтын ажлыг шахуу төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай
  • Энэхүү хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн оролцоог хангахад чиглэсэн гарын авлага, сурталчилгааны мэдээлэл, материал бэлтгэх, түгээхэд АТГ, СЯ, ХЗЯ, Мэдээллийн технологийн газар зэрэг байгууллага бүр өөрийн чиг үүргийн дагуу шаардлагатай арга хэмжээ авах, энэ оны 12 дугаар сард хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хэлэлцүүлэг хийж, ажлын уялдааг хангах
  • Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн  холбогдох субьектүүд орлого, зарлагаа цаг тухайд нь ил тод болгон хуулиа хэрэгжүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх чухал алхам болно. Орлого зарлага бүрийг олон нийтэд ил тод болгох техник технологи, хүний нөөцийн нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ эртнээс авах нь зүйтэй.

Конвенцийн нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандарт, холбогдох хяналтын тогтолцоог Монгол Улс нь эрх зүйн тулгуур зарчмаараа дамжуулан бэхжүүлэх зохих алхамууд хийсээр байна. “Дуусаагүй барилгын асуудал” нь Конвенцийн нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандарт, холбогдох хяналтын тогтолцоог эрх зүйн хувьд бүрдүүлж байгаа боловч практик дээр төрийн аудитын байгууллагын үйлчилгээний хүртээмж хангалтгүй эсхүл чанаргүй байна гэж үзэхэд хүргэж байна. Нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандарт, холбогдох хяналтын тогтолцоог эрх зүйн орчны хувьд бүрдүүлж, төрийн аудитын тогтолцоог бүрдүүлсэн боловч хэрэгжилт жигд биш, ил тод байдлыг хангах явдал төдийлөн хангалттай биш байна.

  • Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа ТББ болон төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийх  төрийн аудитын хүртээмжийг өргөжүүлж, энэ талаарх мэдээллийг нэмэгдүүлэх
  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ын хөндлөнгийн аудитороо  сонгох эрхийн талаарх  Компанийн тухай хууль болон Төрийн аудитын хууль, тэдгээрийн хэрэгжилтийн механизмыг судалж, зохицуулалтыг боловсронгуй болгох замаар давхардал, хийдлийг арилгах шаардлагатай
  • Төрийн байгууллага бүр санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх аудитын дүгнэлтээ хуульд заасан хугацаанд цахим хуудсандаа байршуулж хэвших
  • Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулах, үр нөлөөг дээшлүүлэх, дотоод аудитын чиглэлээр хийсэн ажлыг жилийн эцсийн тайландаа тодорхой  тусгадаг болгож хэвшүүлэх
  • Төрийн байгууллагууд эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх, тухайн байгууллагын онцлог чиг үүрэгтэй уялдсан эрсдлийн удирдлагын бодлого, зайны хяналтыг хэрэгжүүлэх шалгуур, системийг  боловсруулж хэрэгжүүлэх
  • Тухайн төрийн байгууллагын албан хаагч авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон тохиолдолд дотоод хяналтаараа илрүүлж чадсан эсэхийг дотоод хяналтын нэгжийн ажлын гол үзүүлэлт болгон үнэлдэг байх
  • Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын чиглэлээрх төрийн байгууллагуудын туршлага солилцох, дотоод хяналт хариуцсан ажилтнуудын давтан сургалтыг АТГ-ийн зүгээс Төрийн удирдлагын академитэй хамтран системтэйгээр зохион байгуулж байх
  • Төсөв батлахад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж буй талаар Сангийн яам тусгайлсан тайлан гаргадаг байх;
  • Орлого зарлагыг цаг тухайд нь тайлагнадаг байх Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн болон техникийн нөхцлийг хангаж Конвенцийн шаардлагыг практикт эхнээс нь сайн хангах;
  • Төрийн аудитын, Аудитын, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн тухай статистик мэдээллийг ил болгох;
  • Нийтийн санхүүгийн эрсдлийн удирдлагын үр дүнтэй арга, аргачлал, тогтолцоог бий болгох үе шаттай арга хэмжээ авах;
  • Зайны хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллага бүр тодорхой арга хэмжээ авах.

Конвенцийн 9.3 дугаар зүйлийн шаардлагыг одоогийн хууль тогтоомжоороо хангалттай хэмжээнд  хангаагүй байгаа ч батлагдахаар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай хууль батлагдсанаар энэ талаар Конвенцийн шаардлага хангагдана гэж үзэж байна.

  • Санхүүгийн гүйлгээ бүрийг зөвхөн уг гүйлгээний үр дүнг шууд хүртэх этгээдийн нэрээр хийх шаардлагыг хуульчлах. Энэ талаар БНСУ-ын Real Name Financial Transaction Act зэрэг олон улсын туршлагыг судалж хуульчлах нь авлигаас урьдчилан сэргийлэх үндсийн үндэс болно
  • Улсын орлого, зарлагад хамаарах нягтлан бодох бүртгэл, тэмдэглэл, санхүүгийн мэдээлэл, бусад баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, тийм баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн байдал татварын хяналт шалгалтаар хэрхэн илэрдэг талаархи мэдээллийг ил тод болгох
  • Авлига, хээл хахуулын болон татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах гэмт хэргийн илрүүлэлт, энэ төрлийн гэмт хэргүүдийн хувьд нэг нь нөгөөгийнхөө суурь болох магадлалын талаар АТГ, ҮТЕГ, холбогдох бусад байгууллагын харилцан мэдээлэл солилцох, ажлын уялдааг хангах талаар зохистой арга хэмжээ авч, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлагатай.

10 дугаар зүйл. Олон нийтэд тайлагнах

Монгол Улс Конвенцийн 10.1.а заалтыг эрх зүйн зохицуулалтаараа хангаж байна.

  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан 4 чиглэлээрх мэдээллийг цахим хуудсанд 10 хүртэл жилээр архивлан хадгалах заалтыг хуульд нэмж оруулах
  • Төрийн байгууллагуудын цахим хуудсанд тавигдах мэдээллийн стандарт баталсан “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага: MNS 6285:2011”- ыг шинэ дурдсан 2 хуулийн агуулгад нийцүүлэн хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгон шинэчлэн батлах ажлыг яаравчлах

Практик хэрэгжилт нь Конвенцийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад олон нийт нэвтрэх боломжийг хөнгөвчлөн дэмжих шаардлагад нийцэж байна гэж үзэж байна.

  • Төрийн байгууллагын цахим хуудсандаа хуулиар тавихыг шаардсан мэдээллийг хуулийн хугацаанд, бүрэн тавьж хэвшихийн зэрэгцээ утас, интернетээр мэдээлэл авах бүх боломжийг дайчлах
  • Нэг цэгийн үйлчилгээ, цахим ТҮЦ гэх мэт санаачлагыг өргөжүүлэх, үр дүнг үнэлж байх
  • Нийслэлийн “Ухаалаг Улаанбаатар” санаачлагын явцыг үнэлж бусад аймаг, сум, дүүрэгт түгээн дэлгэрүүлэх
  • Авлигын эсрэг хуульд АТГ болон төрийн байгууллагууд судалгааны дүнг үндэслэн авлига гарах эрсдлийг бууруулах тодорхой арга арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэн авдаг байх үүргийг нэмж тусгах

АТГ-аас хуульд заасан судалгааг тогтмолжуулан олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна. Мөн энэхүү ажлын хүрээнд олон нийтлэл хэвлүүлсэн байдаг. Цахим ертөнц хөгжсөнтэй холбогдуулан тус байгууллага судалгаа, илтгэлүүдээ цахим ертөнц, зурагт, радио олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэж байна. Гэвч судалгааны дүгнэлт дээр суурилсан дараагийн алхмыг тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, зорилтот бүлэг (эрсдэл бүхий төрийн байгууллага, салбар)-т чиглэсэн үр дүнтэй ажил үгүйлэгдэж байна. Судалгаа явуулах хөндлөнгийн байгууллагыг чадавхижуулах, өрсөлдөөн бий болгох нь зүйтэй. Судалгааны агуулга тогтмол байх нь харьцуулалт хийхэд хялбар байх давуу талтай ч өөрчлөлтийг орхигдуулах эрсдэлтэй.

  • Судалгааны дүнд үндэслэн АТГ, төрийн холбогдох байгууллага тодорхой арга хэмжээ авч байх нь зүйтэй. Газрын алба, уул уурхайн салбар нь хамгийн их авлигад өртсөн гэсэн дүгнэлт удаа дараагийн судалгаагаар нотлогдсон байтал уг салбарт чиглэсэн авлигаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг АТГ, Газрын алба, Нийслэлийн засаг дарга, Уул уурхайн яам авсан бэ гэдэг талаар бидэнд мэдээлэл олдоогүй.
  • АТГ-ын зүгээс авлига гарах эрсдлийг хожим нь тодорхойлж, мөрдөж шийтгэх гэхээсээ илүү, урьдчилан тооцож, угтуулсан арга хэмжээ авч байх шаардлагатай. Жишээ нь, тухайн аль нэг  яам өндөр үнийн дүнтэй, хэд хэдэн тендер зарлах гэж байгаа бол яамны холбогдох (авлигад өртөж болзошгүй) албан тушаалтан, Худалдан авах ажиллагааны газар, үнэлгээний хорооны хүмүүстэй уулзалт, ярилцлага  хийх (мэдээж дотоод ажилд нь оролцохгүй), хуулийн холбогдох заалтыг сануулсан захидал илгээх гэх мэт арга хэмжээ авах нь авлигаас урьдчилан сэргийлэх хүчтэй хэрэгсэл болно.
  • Тодорхой төрийн байгууллага том хэмжээний худалдан авалт хийж байгаа, олон тооны ажилтан шалгаруулж авч байгаа зэрэг ажлыг зохион байгуулах явцад тухай бүр нь АТГ зохих мэдээлэлтэй байж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, шаардлагатай тохиолдолд зохих хяналт явуулж байгаа талаар олон нийтэд мэдээлдэг байж болохоор байна.
  • Дээрх зорилгоор томоохон худалдан авалт хийж байгаа, шийдвэр гаргаж байгаа төрийн байгууллага, ТАЗ зэрэг холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох, байнгын ажиглалт хийх ажилтан томилох, аргачлал гарган ашиглах  зэрэг арга хэмжээ авч болох юм.
  • Олон нийтийн дунд АТГ-ын чиг үүргийг ойлгосон, хүндэтгэсэн хандлага дээшилж байгааг судалгаа нотолж байна. Дээр дурдсан зөвлөмжүүд нь тус газрын энэхүү эерэг нэр төрд үндэслэж байгаа бөгөөд жорыг нь хэтрүүлж болохгүй гэдгийг хатуу санах нь зүйтэй. АТГ-ын ажилтны ялимгүй ч гэлээ хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйгүй үг, үйлдэл бүр тус байгууллагыг хүндэтгэх хандлагыг “үл итгэх, эсхүл айдас”-ын хандлага болгон эргүүлэх аюултайг онцлон тэмдэглэж байна.

11 дүгээр зүйл. Шүүх, прокурорын байгууллагад хамаарах арга хэмжээ

Монгол Улс шүүхийн хараат бус байдал, авлигын эсрэг тэмцэлд шүүх шийдвэрлэх үүрэгтэйг харгалзан шүүгч, шүүхийн байгууллагад ажиллагсдын үнэнч шударга байдлыг бэхжүүлэх, тэдгээрийн дунд авлигад автагдах боломж бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн, шүүхийн хараат бус байдалд хохирол учруулахгүйгээр авах хууль зүйн орчин бүрдсэн байна. Эдгээр арга хэмжээнд шүүгч, шүүхийн байгууллагад ажиллагсдын ёс зүйн дүрэм багтаж байгаа бөгөөд ёс зүйн дүрмээ Шүүгчийн болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шинэчлэн батлаад байна. Харин хуулиудын утга санаа давхардсан, мэдээллийг нээлттэй болгохтой холбоотой хугацаа уялдахгүй байх зэрэг цаашид анхаарвал зохих зүйл байсаар байна.

  • Төрийн албаны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн ба хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай, Авилгын эсрэг зэрэг холбогдох хуулиудад төрийн албан хаагчийн үүрэг, түүнд хориглох, хязгаарлах зүйл, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар, мөн Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулиудад тусгагдсан мэдээллийг ил тод болгох цагалбар, хугацааны хувьд хэрхэн уялдаж, хэрэгжих боломж хангагдаж байгаа талаарх давхардал, хийдэл, зөрчлийн судалгаа хийж, аль хууль нь тухайн харилцааг зохицуулах гол хууль болох, бусад хуульд хэрхэн давхардалгүйгээр ишлэл хийх талаар нухацтай анализ хийж, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүх авлигад өртөмтгий салбаруудын нэлээд дээгүүрт ордгийг удаа дараагийн судалгаа харуулдаг. Иймд шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан талуудыг оролцуулсан илүү нарийвчилсан ажиглалт, ярилцлага, судалгаа явуулах шаардлагатай байна. Магадгүй, шүүгчийн ёс зүйн асуудлыг илчлэх нь хэзээ нэгэн цагт өөрт болон үр хүүхдэд муугаар нөлөөлнө гэж үздэг ч байж болох талтай. Ямартай ч  нэг талаас судалгааны дүн, нөгөө талаас сахилгын хорооны шийдвэр, шүүгчийн талаар гомдол гаргахгүй шахам байгаа эсрэг тэсрэг нөхцөл байдлын шалтгааныг тогтоох нь зүйтэй.

  • Авлига буурахгүй байсаар байгааг судалгаа нотлоод байхад Төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагын ажилтны хууль бус буюу ёс зүйн асуудлаар АТГ болон шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллагын нэгдсэн ойлголтыг бий болгосны үндсэн дээр иргэд гомдол гаргах, мэдээлэх явдал хангалтгүй байдгийн шалтгааныг тогтоох, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор харьцангуй урт хугацаанд хэд хэдэн үе шаттай асуулгын судалгаа, ажиглалт, тандалт хийх, тодорхой тохиолдолд туршилт хийх зэрэг төрөл бүрийн арга зүйд тулгуурласан бодитой судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх
  • Цахим хуудсандаа мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай зэрэг хуулийн шаардлагын дагуу мэдээллээ наанадаж сүүлийн 3 жилийн байдлаар бүрэн байршуулахыг УЕПГ-т зөвлөж байна
  • Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий голлох байгууллагуудын нэгийн хувьд УЕПГ нь үйл ажиллагааныхаа тайланд Конвенцийн 11.1, 11.2-т заасан шаардлагын дагуу болон байгууллага, системийн хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төрийн байгууллагуудын авлигын эсрэг хамтын ажиллагаа, ажлын уялдааг хангахад оруулсан хувь нэмрийн талаар тодорхой бүлэг болгон тусгаж байх

12 дугаар зүйл. Хувийн хэвшил

Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох ажил эхлэлийн төдий байна. Судалгаанаас үзвэл уул уурхай, барилгын салбар хамгийн их авлигад өртөмтгий салбараар нэрлэгдсээр байна. Банкнаас зээл авах, боловсрол, эрүүл мэндийн салбарт авлига өндөр хэвээр байна. Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байна.

  • Хувийн хэвшлийн нягтлан бодох бүртгэлийн болон хөндлөнгийн аудитын хяналтын авлигаас урьдчилан сэргийлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр  холбогдох хууль тогтоомжид илүү дэлгэрэнгүй хуульчлах.
  • Аудитын тухай хуульд аудитор болон аудитын байгууллага аудит хийх явцдаа авлигын шинжтэй зөрчил илэрвэл зохих байгууллагад  мэдээлэх  үүргийн талаар заалт байхгүй байгааг олон улсын жишигт нийцүүлэн нэмж оруулах.

Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх, хувийн хэвшлийн нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартыг сайжруулах, түүнчлэн ийм арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд үр нөлөөтэй, тухайн үйлдэлд тохирох, тухайн үйлдлийг гаргуулахгүй байх нөлөө үзүүлэхүйц иргэний эрх зүйн, захиргааны болон эрүүгийн зохих хариуцлагыг оногдуулах арга хэмжээг хуульчилсан боловч эдгээр хуулийн хэрэгжилтийг харуулсан мэдээлэл хомс байна. Тухайлбал, дээр дурдсан хуулиудад заасан захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тоо, хэрхэн илрүүлсэн,  аудиторт ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээлэл байхгүй байна. Үндэсний татварын ерөнхий газрын цахим хуудсанд тус байгууллагын тайлангууд байгаагүй учир нягтлан бодох бүртгэлтэй холбоотой зөрчлийн төрөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл олдоогүй.

  • Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх, хувийн хэвшлийн нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартыг сайжруулахтай холбоотой Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Компанийн тухай хуулийн тодорхой зохицуулалтын хэрэгжилтийн талаар судалгаа үнэлгээ хийх, хуулийг боловсронгуй болгох арга хэмжээ авах;
  • Хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох төрийн  байгууллага  чиг үүргийнхээ дагуу статистик мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авах шаардлагатай.

Цагдаагийн албаны тухай хуульд гэмт хэрэг, зөрчил гарсан болон үйлдэхээр бэлтгэж байгаа, үйлдсэн этгээдийн талаар цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх; гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх  зэргээр иргэн, байгууллага, албан тушаалтны зүгээс цагдаагийн байгууллагад туслалцаа үзүүлэх талаар тусгаж, эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэнд холбогдох хуульд заасны дагуу урамшил олгож болохоор заасан байна (уг хуулийн 26.2.2, 26.3). Авлигын гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, үйлдсэн этгээдийн талаар иргэн цагдаагийн байгууллагад хандалгүйгээр шууд АТГ-т мэдээлэл өгөх зэрэг Цагдаагийн албаны тухай хуульд заасан дээрх туслалцааг АТГ-т үзүүлсэн иргэнд АТГ урамшил олгох боломжийг Авлигын эсрэг хуульд тусгаагүй байна.

Түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх үйлдэл нь авлига, мөнгө угаах хэрэгтэй зарим тохиолдолд холбоотой байх магадлал өндөр тул татвар төлөхөөс зайлсхийсэн тухай мэдээлэл өгсөн иргэнийг ч урамшуулдаг байх зохицуулалтыг Татварын ерөнхий хууль, Гаалийн хуульд  оруулсан байх нь хууль сахиулах байгууллага болон холбогдох хувийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлээр хангалттай хуульчилсан байх Конвенцийн 12.2.a-д заасан шаардлагыг бүрэн хангах ач холбогдолтой гэж үзэж байна.

  • Хууль сахиулах байгууллага болон холбогдох хувийн хэвшлийн  байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Авлигын гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн этгээдийн талаар үнэн зөв, шуурхай мэдээлэл өгөх зэргээр авлигатай тэмцэх байгууллагад туслалцаа үзүүлсэн иргэнд урамшил олгож болох бүрэн эрхийг тус байгууллагад  олгохтой холбоотойгоор Авлигын эсрэг хуульд зохих нэмэлт оруулах
  • Дээрхтэй төсөөтэй зохицуулалтыг Гаалийн болон Татварын ерөнхий хуульд оруулах боломжийг судалж шийдвэрлэх

Хууль сахиулах байгууллага болон холбогдох хувийн хэвшлийн  байгууллага хоорондын авлигын эсрэг хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлээрх ажил практик дээр эхлэлийн төдий байна.

  • Тангараг өргөсөн төрийн албан хаагч төрийн албыг хувьдаа урвуулан ашигласан нь тогтоогдвол дахин төрийн албанд ажиллуулахгүй байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж оруулах
  • Шударга нийгмийг тогтоох, авлигын эсрэг үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх талаар АТГ-аас гадна УЕПГ, ШЕЗ, ТЕГ, ҮТЕГ, ГЕГ, УНДЕГ зэрэг холбогдох төрийн байгууллагыг татан оролцуулж, үндэсний зөвшилцлийг бий болгох
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, банк санхүүгийн байгууллагуудыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд түлхүү оролцуулах чиглэлээр АТГ нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж, Компанийн засаглалын кодекс зэрэг зохистой засаглалыг дэмжсэн бодлогын баримт бичигт энэ зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцох, ажил хэрэг болгох
  • Төрийн албан хаагч нар хүнд сурталтай байна, хээл хахууль нэхэж байна, авлигад өртөмтгий байна гэсэн шүүмжлэл гаргаад байдаг хувийн хэвшлийнхэн өөрсдөө авлигын эсрэг санаачлагатай ажиллах, шаардлагатайг өргөнөөр сурталчлах

Компанийн тухай хуульд хувийн байгууллагуудын удирдах албан тушаалтан ажил үүргээ зохих зөвшөөрлийн дагуу үнэнч шударгаар биелүүлэх нөхцлийг хуульчилсан гэж үзэж байна. Гэвч хуульд “үнэнч шударгаар” гэдэг үг шууд тусгаагүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Компанийн засаглалын кодекст   Гүйцэтгэх удирдлага ба удирдлагын багийн гишүүд компанийн төлөө үнэнч шударгаар, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана (6.1.3)  гэж зааж, компанийн удирдлага нь төрийн ашиг сонирхолыг харгалзан үйл ажиллагаагаа удирдана гэдгийг тодорхойлсон боловч “төртэй харилцах бизнесийн сайн дадал” гэж юу болохыг тодорхойлсон хэрэг биш юм.

Ёс зүйн дүрмийг боловсруулахыг хөхиүлэн дэмжих чиглэлээр Аудитын тухай хуульд  Мэргэшсэн нягтлан бодогч ёс зүйн дүрэмтэй байна (15.3.), Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд  Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үнэлгээчний ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлнэ. Үнэлгээчний ёс зүйн дүрэм нь олон улсын үнэлгээний стандартад нийцсэн байна (12.1, 12.2), Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд  Татварын мэргэшсэн зөвлөх нь татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг мөрдөх үүрэгтэй (16.1.6.), Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд Монгол Улсын үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрхийг Хороонд бүртгүүлсэн хуулийн этгээд хэрэгжүүлнэ (69.1), Энэхүү байгууллага нь зохицуулалттай хуулийн этгээд болон энэ хуульд (35.1) заасан эрх авсан мэргэжилтнүүдээс бүрдсэн гишүүнчлэлтэй, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн нийтлэг журмыг тогтоох, гишүүдийнхээ чадавхыг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах үндсэн зорилго бүхий мэргэжлийн холбоо, хөрөнгийн бирж, үнэт цаасны тооцооны байгууллага болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага байна (69.2),  мөн Бакны тухай хуулиар банкны ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх удирдлага, Монголбанкны ажилтанд ёс зүйн шаардлага тавьсан зэргээр тус тус хуульчилсан нь Конвенцийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж байна гэж үзэж байна.

Компанийн засаглалын кодексийн “оролцогч талууд” гэсэн 10 дугаар бүлэгт төрийн тухай тусгаагүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

  • Компанийн эрх бүхий албан тушаалтан үйл ажиллагаагаа “үнэнч, шударгаар” явуулах чиглэлээр Компанийн тухай хуульд тодорхой заах. Эхний ээлжинд Компанийн засаглалын кодексийн тав, зуравдугаар бүлэгт нэмэлт оруулах чиглэлээр АТГ-ыг зүгээс СЗХ-той зөвлөлдөх, зохих арга хэмжээ авах, Монголбанктай ч энэ чиглэлээр хамтран ажиллах
  • Компанийн засаглалын кодекс, Банкны салбарын компанийн засаглалын баримт бичигт хувийн байгууллагуудын төртэй харилцах бизнесийн сайн дадлын талаар илүү тодорхой тусгах,  энэ талаар OECD-ийн зарчмыг судалж нэвтрүүлэх

Олон улсын бизнесийн ажиллагаанд гадаадын албаны хүмүүсийг хахуульдахын эсрэг тэмцэх тухай OECD-ийн 1997 оны конвенцид дэлхийн 40-өөд орон (Япон, Солонгос зэрэг) нэгдэн орсон байна. Энэхүү Конвенцийн нэгдэн орох нь OECD-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нэгэн чухал чиглэл бөгөөд авлигын эсрэг тусламж дэмжлэг авахад тус дэмтэй.

Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцаа өргөжиж, худалдаа хөрөнгө оруулалт нэн өсч байгаа нь олон улсын бизнесийн хүрээнд гадаадын албан тушаалтантай холбогдох авлигын эрсдэл манай оронд улам өндөр байх магадлалыг лавшруулж байгааг бодолцон тус конвенцид элсэх талаар шуурхай ажиллах шаардлагатай байна.

  • Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагууд, Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн байгууллага, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Банкуудын холбоо зэрэг ёс зүйн дүрэмтэй байгууллагууд ёс зүйн дүрмийн хэрэгжилт, дүрмээ зөрчсөнд хүлээлгэх хариуцлагын талаар цахим хуудсандаа тогтмол мэдээлж хэвшүүлэх
  • Хувийн байгууллагуудын төртэй харилцах бизнесийн сайн дадлын талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх
  • Тодорхой мэргэжлийн хүрээний ёс зүйн дүрэмд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой тусгах
  • Хувийн хэвшил түүний дотор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн авлигаас урьдчилан сэргийлэх бодлогын талаар мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, тийм бодлого боловсруулж мөрдөх явдлыг хөхиүлэн дэмжих
  • Энэ чиглэлээр АТГ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж Компанийн засаглалын кодекст нэмэлт оруулж, төртэй харилцах сайн дадал, авлигатай тэмцэх бодлогын талаар тодорхой тусгах
  • Хувийн байгууллагууд мэдээллээ ил тод болгохыг шаардсан зохицуулалт нилээд хуульд тусгагдсан боловч  төрөөс “хөхиүлэн дэмжих” механизм тодорхой хуульчлагдаагүй байх тул хэрхэн хөхиүлэн дэмжих вэ гэдэг чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй
  • Худалдан авах ажиллагаанд оролцох компаниудад “бага үнийн” шалгуур тавихаас илүүтэйгээр “хуулиар тогтоосон мэдээллээ ил тод болгосон, засаглал сайтай, биржид бүртгэлтэй” гэдэг шалгуурт давуу байдал олгосон зохицуулалтыг бий болгох нь авлигаас урьдчилан сэргийлэх чухал алхам болно. Тендерт гол төлөв ардаа “сайн авилгач мотортой” биржид бүртгэлгүй, гол нь санхүүгийн мэдээллээ ил тод болгох үүргийг хуулиар хүлээдэггүй ХХК оролцдог болохыг хэдийгээр бүх 272 барилга, обьектын тендерийг авсан компаниудын мэдээлэл хэвлэлээр бүрэн хэмжээнд цацагдаагүй ч  “дуусаагүй барилгын” гэх дуулианд холбогдсон компаниуд дотор  биржид бүртгэлтэй, ТОР 20 индекст багтсан компанийн нэр сонсогдохгүй байгаагаар нотлогдох талтай байна.

Компанийн засаглалын үнэлгээний тайлан (2011)-д дурдсанаар, Монголд компанийн засаглалын тухай ойлголтыг зөвхөн компанийн засаглалын гол тоглогчид (захирлууд, хувьцаа эзэмшигчид болон зохицуулагчид) төдийгүй, бусад нөлөөлөгчдийн хувьд (төрийн зохих байгууллага, хэвлэл, мэдээлэл аудиторууд, хувьцаа эзэмшигч бүлгүүд) гүнзгийрүүлэх хэрэгтэй. Бүх бүлэг бүрт тохирсон сургалт явуулахыг зөвлөж байна.

Аудитын хуулийн дагуу компаниуд нь бие даасан аудитын тайлан гаргаж байх шаардлагатай. Гэхдээ, олонхи тохиолдолд, аудиторын хараат бус байдлыг төдийлөн авч үзэхгүй байна. Компанийн тухай хуулийн дагуу компаниуд нь сонирхлын зөрчилтэй хэлцлүүдийн талаар баримтлах бодлого боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөх шаардлагатай. Судалгаанд хамрагдсан олонхи компани үүнийг дагаж мөрдөхгүй байна.

Судалгаанд хамрагдсан компаниудын хувьд мэдээлэл хаанаас авах, түүнд нь нэвтрэхэд хүндрэлтэй байсан ба энэ нь материалыг хэд хэдэн газраас цуглуулах шаардлага гарч байсантай холбоотой. Чанартай бэлтгэгдсэн, компанийн вэбсайтад байршуулсан мэдээлэл нь хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад онцгой ач холбогдолтой ба сайн мэдээлэл нь компанийн хэмжээнд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Тийм мэдээлэлд бусад улс оронд заавал дагаж мөрдөж байгаагийн адил Жилийн ажлын иж бүрэн тайлан хамаарах бөгөөд түүнд санхүүгийн тайлан, санхүүгийн тайланд хийсэнд аудиторын шалгалтын тайлан, компанийн тодорхой стратеги, учирч байгаа бизнесийн эрсдэл, санхүүгийн завсрын мэдээлэл, компанийн КЗ-ын бүтцийг тайлбарласан компанийн засаглалын тайлан, компаниас КЗ-ын Кодексийн шаардлагыг ямар байдлаар нэвтрүүлж байгаа болон хэрэв КЗ-ын кодексийн заалтыг мөрдөөгүй бол бодитой тайлбарыг өгсөн байх ёстой.

Түүнчлэн, компанийн вэбсайтад байршуулсан мэдээлэлд том хувьцаа эзэмшигчдийн талаархи иж бүрэн мэдээлэл болон компанийн засаглал, компани хувьцаа эзэмшигчдийн харилцаа, мэдээллийн нээлттэй байдлыг ханган түгээх, сонирхлын зөрчил болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хэлцэл, дотоод мэдээллийг ашиглан арилжаанд оролцохтой холбогдсон компанийн бодлогыг хамруулан оруулдаг шилдэг туршлагууд байна.

Монголын ТУЗ-ийн үйл ажиллагааг дэлхийн хэмжээний ТУЗ-ийн үүрэг хариуцлагатай харьцуулж үзэхэд, Монгол дахиад л хоцорч явна.Тэд нар компанийн удирдагч гэдэг утгаараа компанийн сайн засаглал болон ёс зүйг эрхэмлэх “үлгэр дууриалыг дээрээс” тогтоон харуулах ёстой. Компани нь ёс зүйн кодексийг бүх захирлууд болон ахлах уридлагын түвшинд нэвтрүүлэн мөрдөж болно. Хараат бус захирлуудыг дэлхийн “хараат бус” тодорхойлолтын дагуу тодруулж, ТУЗ-д томилон ажиллуулах хэрэгтэй. Банкууд мэдээллээ ил тод болгох хуулийн шаардлагыг харьцангуй сайн биелүүлж байна.

  • Компанийн засаглалын үнэлгээний тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмж бүрийг сайтар судалж, төр, хувийн хэвшлийн авлигын эсрэг хамтын ажиллагааны гол чиглэл болгон ашиглах
  • АТГ-ын зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудын түвшинд авлигын эсрэг бодлогоо тодорхойлон мөрдөх явдлыг хэвлэл мэдээллээр сурталчлан таниулах зэргээр хөхиүлэн дэмжих
  • Хувийн байгууллагууд, ялангуяа нийтийн ашиг сонирхолыг хөнддөг Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, банк, даатгалын зэрэг санхүүгийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах талаар Авлигатай тэмцэх газрын зүгээс төрийн холбогдох байгууллага, эздийн холбоо зэрэг ТББ-тай хамтран ажиллах талаар хэлэлцэж, дорвитой арга хэмжээ авах
  • Дээрх чиглэлээр хөндлөнгийн үнэлгээ хийж дүнг нийтэд мэдээлж байх

Конвенцийн “хувийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам, түүний дотор аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх бүхий байгууллагаас олгох татаас, тусгай зөвшөөрлийн талаарх журмыг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх”-тэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудаар зохицуулж, конвенцийн 12.2.d-д заасан уг шаардлагыг эрх зүйн орчны хувьд хангах зохих арга хэмжээ авсан гэж үзэх байна.

Практикаас үзвэл хуулийн этгээдийн, эд хөрөнгийн, иргэний бүртгэл зэрэг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигддаг харилцаанд бүртгэх байгууллагын ажилтны хүнд суртал, хээл хахуултай холбоотой асуудал зохих хувийг эзэлдэг. “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийн талаарх судалгаа”-гаар  2007 оны 3, 9 дгээр сар,  2008 оны  9 дүгээр сард бүртгэлийн алба “авлигад хамгийн их өртсөн” 5 салбарын 4 болон 5 дугаарт нэрлэгдсэнээр нотлогдож байна.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын зүгээс Конвенцийн 12.2.d: “хувийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам, түүний дотор аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх бүхий байгууллагаас олгох татаас, тусгай зөвшөөрлийн талаарх журмыг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх” гэсний “тусгай зөвшөөрлийн” гэснийг “тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үйлчилгээний” гэж нэмэх саналыг гаргаж болох юм гэж үзэж байна.

Харин “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-гаар хамгийн их авлигад өртөмтгий салбар гэдэгт төрийн үйлчилгээ (67.8 хувь) “тодорсон” боловч тэдгээрийн дотроос төрийн чухам аль үйлчилгээ илүү их авлигад өртөмтгий болохыг бизнес эрхлэгчдээс тодруулж асуугаагүйд шүүмжлэлтэй хандаж байна.

Түүнчлэн Компанийн тухай хуульд хувьцаат компанийн ТУЗ-ын гишүүн компанийн засаглалын сургалтанд хамрагдаж гэрчилгээ авах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авах тухай, мэргэжлийн оролцогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан Хорооноос зөвшөөрөл авсан байх тухай, Даатгалын тухай хуульд даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан Хорооноос зөвшөөрөл авсан байх тухай зэрэг нилээдгүй олон  хуульд төрийн байгууллагаас “зөвшөөрөл олгох”, “эрх, гэрчилгээ авах” зохицуулалт байдгийг ч Конвенцийн энэ заалтад нэмэх санал дэвшүүлж, зохих мониторинг, судалгаа хийх талаар анхаарахад буруудахгүй.

  • Монгол Улсын зүгээс Конвенцийн 12.2.d: “хувийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам, түүний дотор аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх бүхий байгууллагаас олгох татаас, тусгай зөвшөөрлийн талаарх журмыг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх” гэсэн заалтыг “хувийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам, түүний дотор аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх бүхий байгууллагаас олгох татаас, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх, гэрчилгээ, бүртгэлийн үйлчилгээний талаарх журмыг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх” гэж улам баяжуулж, өөрчлөн найруулах саналыг гаргаж болох юм гэж үзэж байна
  • Төрийн хөрөнгө, татаас ашиглах, тусгай зөвшөөрөл олгох явцад хүнд суртал, авлига гарахаас гадна төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, газар өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрөл авах, бусад төрлийн зөвшөөрөл, эрх, гэрчилгээ авахад мөн уг асуудал илэрдэг тул Конвенцийн хэрэгжилтийг үнэлэх,  дүгнэхэд уг асуудлыг нэмэх

2008 оноос хойш бүртгэлийн байгууллагад мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, үе шаттайгаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж цахимжуулсан нь тэр үеэс хойш бүртгэлийн үйлчилгээ авлигад өртөмтгий 5 салбарын хүрээнд нэрлэгдэхгүй болоход нөлөөлсөн гэж үзэж байна. “Компьютер авлига нэхдэггүй” учир төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг нэврүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлж, хүнд суртлыг арилгах чухал нөхцөл болохыг нотолж байна.

  • Татаас (концессийг оролцуулан), тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх, гэрчилгээ олгох төрийн аль нэг байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой үйл ажиллагаан дахь авлигын нөхцөл байдал, хүнд суртлын арга хэлбэр, тархалтын талаар бие даасан судалгаа хийж үр дүнгээр зохих арга хэмжээ авах
  • Тусгай зөвшөөрөл, бүртгэл, төрийн бусад олон үйлчилгээг цахимжуулах талаар онцгой анхаарч төрийн байгууллага бүр зохих техникийн нөхцөл, хүний нөөцийн бэлтгэлийг хангах үе шаттай, харилцан уялдаатай арга хэмжээг төрийн бүх байгууллагыг хамруулан авах. Үүнтэй холбоотойгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газрын статусыг дээшлүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь нийтийн албан тушаалтан байсан этгээд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу нийтийн албанаас огцорсон буюу тэтгэвэрт гарсны дараа хувийн хэвшилд ажил эрхлэхэд, хэрэв ийм үйл ажиллагаа буюу ажил нь тэдний ажиллаж байх хугацаандаа хийж байсан буюу удирдаж байсан чиг үүрэгтэй шууд хамааралтай байвал, зохих тохиолдолд, тодорхой хугацааны (хоёр жил) хязгаарлалт тогтоож, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх Конвенцийн 12.2.e заалтын шаардлагыг хангасан байна.

2014 оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр халдгална” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйлийн зохих заалтыг өөрчлөн найруулах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм. “Давхар дээл” гэсэн нэршлээр олны анхаарлыг татсан уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараад ч өөрчлөлтөд хүрээгүй, хэдэн жилийн дараа Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачлага гараад ч дэмжлэг аваагүй, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар “хэд хэдэн давхар дээлтэй” тухай АТГ-ын судалгааны тайлан зэргээс дүгнэлт хийвэл нийтийн албан тушаалтан хувийн хэвшилд ажил эрхлэхэд, зохих тохиолдолд, тодорхой хязгаарлалт тогтоох замаар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх хүчин төгөлдөр хууль болон Конвенцийн шаардлагыг төрийн албаны дээд түвшиндээ зөрчдөг, “хуулийн аргаар” сонирхлын зөрчлөөсөө салах хүсэлгүй байна гэж үзэхээр байна. Энэ бол үнэхээр Монголыг муухай харагдуулж байна. Энэхүү дүгнэлтийг олон нийтийн дунд хийсэн санал асуулга давхар нотолж байна.

  • төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс тийнхүү чөлөөлөгдсөнөөс хойшхи 2 жилийн хугацаанд сонирхлын зөрчил үүсгэхүйц ажил эрхэлж байгаа эсэх тухай мэдээллийг цуглуулах, хэрэгжилтийг хэрхэн хянах механизм тодорхойгүй, статистик мэдээлэл байхгүй байгаа тул цаашид судалгаа хийх, тайлан мэдээлэл авах гэх мэт арга хэмжээ авах
  • Сонирхлын зөрчилтэй хүмүүсийг төрийн өмчийн зүгээс ч, хувийн зүгээс ч төрийн өмчийн компанийн ТУЗ-д оруулахыг хориглосон зохицуулалтыг  холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх
  • Төрийн албан хаагч намын гишүүнээс түдгэлзэх талаарх   2004 онд  Төрийн албаны тухай хуулийн 10.6-д орсон өөрчлөлтийн хэрэгжилтийн мониторинг хийх
  • “Давхар дээл”-ийг тайлах асуудлыг дахин авч үзэж, төрийн дээд түвшинд авилгалыг бууруулах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг тууштай үргэлжлүүлж 2015 онд Конвенцийн хэрэгжилтийн тайландаа Монгол улс хэлэх үгтэй болохыг зөвлөж байна

Монгол Улс нь Конвенцийн хувийн байгууллагууд авлигын үйлдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх хангалттай дотоод аудитын хяналттай байх явдлыг тэдгээрийн бүтэц хэмжээг харгалзан хангах, түүнчлэн тэдгээр хувийн байгууллагын данс, шаардлагатай санхүүгийн тайланг аудит, магадлан итгэмжлэлийн зохих журамд хамруулах явдлыг хангах гэсэн заалтыг  хууль тогтоомждоо тодорхой хэмжээгээр тусгасан байна.

  • Компанийн засаглалын кодексоос зарим зайлшгүй шаардлагатай заалтыг Компанийн тухай хуульд оруулж хуульчлах
  • Аудитын тухай хуульд аудитын хяналт шалгалтаар ямар ямар баримт бичгийг нягтлан шалгуулах жагсаалт, авлигаас урьдчилан сэргийлэх аудторын үүрэг, үйлчлүүлэгчийн хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалт нэмж өгөх
  • Компанийн засаглалын үнэлгээгээр өгөгдсөн зөвлөмжийг ажил хэрэг болгох
  • Засаглалын үнэлгээг  тогтмол  хийж хувийн хэвшлийн илүү олон байгууллагыг хамруулж, үр дүнг нийтэд хүргэдэг болох

“Бүртгэлээс гадуур данс нээхийг хориглох” талаарх конвенцийн холбогдох заалтыг бүрэн биш ч тодорхой хэмжээгээр зохицуулсан байна. Харин төрийн албан хаагч гадаадад нээлгэсэн дансны мэдээллээ ХАСХОМ-доо мэдүүлэх талаар хууль ойлгомжтой тодорхой тусгаагүй байна.

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад хуулиудад нягтлан бодогч болон компани нь бүртгэлээс гадуур данс нээхийг хориглон хуульчлах
  • Төрийн албан хаагч гадаадад нээлгэсэн дансны мэдээллээ ХАС\ХОМ-доо мэдүүлэх талаар холбогдох хуульд ойлгомжтой тодорхой нэмж оруулах

Дурдсан хуулиудад “бүртгэлээс гадуур буюу буруу тодорхойлсон гүйлгээ” гэдэг нэр томъёо ороогүй  бөгөөд эдгээр хуульд хэрэглэсэн нэр томъёонууд тойруу утгаар ч болов бүрэн тодорхойлсон гэдэг нь эргэлзээтэй, тус хуулийн заалтууд нь конвенцийн холбогдох шаардлагыг бүрэн хангаагүй байна.

  • Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Компанийн тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай зэрэг болон бусад холбогдох хуульд бүртгэлээс гадуур буюу буруу тодорхойлсон гүйлгээ хийх тохиолдолд хэрхэн залруулга хийх  болон санаатайгаар тийм гүйлгээ хийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг нарийвчлан тусгах
  • Бүртгэлээс гадуур буюу буруу тодорхойлсон гүйлгээ хийхтэй холбоотой мэдээллийг татварын байгууллага, шүүхийн статистикээр тодорхой болгох арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж, 2015 онд тайлан бэлтгэх хүртэл   конвенцийн энэ заалтын шаардлагыг хангах

Хуурамч бичиг баримт үйлдэх замаар гаргаагүй зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгүүлж улмаар татвар ногдох зардлыг өсгөх тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулиар торгуулийн хэмжээг өөр өөрөөр тодорхойлсон нь хуулиудын зөрчил эсхүл нэг зөрчилд давхардсан торгууль оногдуулахаар байна. Дээрхийг эс тооцвол конвенцийн холбогдох зүйл заалтыг хууль тогтоомжоороо хангаж өгсөн байна гэж үзэж байна.

“Барааны  үнэ төлсөн” гэхийн оронд “зээл олгосон” гэж бичиж “өглөг үүсгэсэн”  зөрчил байж болно. “Объектыг нь буруу тодорхойлсон өглөх үүсгэх” гэсэн Конвенцийн нэр томьёо Татварын ерөнхий хуульд байгаа  “хуурамч бичиг баримт үйлдэх” гэснийг ерөнхий утгаар нь дүйцүүлсэн үзэж болох боловч бүрэн илэрхийлэхгүй байх  тул дотоодын хууль тогтоомжид конвенцийн үг үсгээр тодорхойлох шаардлагатай.

  • “объектыг нь буруу тодорхойлсон өглөг үүсгэх” гэсэн Конвенцийн хэллэгийг энэ л утгаар нь Нягтлан бодох бүртгэлийн болон Татварын ерөнхий хуульд оруулах шаардлагатай
  • Конвенцийн 12.3.а-12.3.f-ийг хэрхэн ойлгож хэрэгжүүлж буй талаар судалгаа хийж шаардлагатай арга хэмжээ авах нь зүйтэй.

Дотоодын хуулийн “Хуурамч бичиг баримт бүрдүүлэх”, “хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийх” гэдэг нь Конвенцийн “хуурамч бичиг баримт ашиглах” гэдэгтэй утга нэг гэж үзэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл  бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлээгүй, үйлдээгүй атлаа хуурамч гэдгийг мэдсээр байж нягтлан бодох бүртгэлдээ ашиглах үйлдэл орхигдсон байж болохоор байна.

  • Дотоодын хууль тогтоомжид Конвенцийн 12.3.е-д “хуурамч баримт бичиг ашиглах” гэж  зааснаар тодорхойлох нь зүйтэй.

Татварын ерөнхий хуульд Конвенцийн 12.3.f-ийн “хуульд заасан хугацаанаас өмнө” гэдэг санааг орхигдуулсан байна.

  • Татварын ерөнхий хуулийн 74.1.5-ын “устгах” гэсний өмнө “хуульд заасан хугацаанаас өмнө” гэж нэмэх

ААНОАТХ-д конвенцийн энэ заалтыг шууд илэрхийлсан заалт байхгүй байна.

  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хээл хахуульд өгсөн зардал, авлигын үйлдлийг дэмжсэн бусад зардлыг татвар ногдох орлогоос хасахыг хориглоно гэж нэмж оруулах

13 дугаар зүйл. Нийгмийн оролцоо

Шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, түүн дэх олон нийтийн оролцоо, хувь нэмрийг дэмжих гэсэн Конвенцийн шаардлагыг Авлигыг эсрэг болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дурдсан  заалтуудаар хангаж байна. 2013 онд Хуульч эмэгтэйчүүдийн холбоо авлигын эсрэг бодлогын баримт бичгийг боловсруулах, орон даяар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан нь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг тодорхойлох үйл явцад ТББ, олон нийтийг орон даяар хамруулсан чухал арга хэмжээ болсон бөгөөд тус ТББ нь аймаг бүрт салбартай байсан нь ажлын үр дүнд нөлөөлсөн байна. Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай ТББ-ыг оролцуулах талаар түлхүү анхаарах  нь орон нутагт бүтэцгүй АТГ-ын хувьд чухал болохыг  харуулав. Энэхүү судалгааны явцад  манай багийн хийсэн вэбэд суурилсан судалгаанд хамрагдсан төрийн 48  байгууллагын 3-аас бусад нь шийдвэр гаргах явцын ил тод байдлыг хангаж ажилладаггүй болох нь ажиглагдсан.

  • Яам, агентлагууд шийдвэр гаргах эрх бүхий этгээд шийдвэрийн төслөө 30-аас доошгүй хоног нийтэд ил тод болгон цахим хуудсаараа санал авч хэвших нь зүйтэй.
  • Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай ТББ-ыг оролцуулах талаар түлхүү анхаарах  нь орон нутагт бүтэцгүй АТГ-ын хувьд чухал байна.

Авлигын эсрэг хуулийн 6.1.4, 6.1.5, 18.1.3, 18.1.5, 18.1.7, 14.5; Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн 7.1, 8.1, 9.1, 9.2, 9.3, 10.1-д заалтуудаас үзвэл олон нийт мэдээлэл авах боломжтой байх явдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн байна. 2013 оны 12 дугаар сард тус 3Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр 51 төрийн байгууллагыг хамруулсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо эдгээр 7 байгууллага хамгийн өндөр оноо буюу 65.5-аас 74.5 оноо авсан нь хамгийн сайн үнэлгээ болсон байна.

Эдгээрээс Цөмийн энергийн газраас бусад байгууллага нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн мэдээллийн ил тод байдлыг 4 төрлөөр нь цахим хуудсандаа олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэсэн нь ийнхүү үнэлэгдэх үндэслэл болж байна. ЭБАТ-уудын нэмэгдлийг авч үзвэл УБЕГ цалингийн 30%, ҮХААЯ, ХХЕГ, ЦЭГ тус бүр 40%-р, ХААГ 15%, СЗХ 10%-р тус тус тогтоосон байна. Эдгээрээс ЭБАТ нь харьцангуй бага нэмэгдэл авч байгаа СЗХ-ы авлигын эсрэг үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад цахим хуудсаараа хуулиар тогтоосон мэдээллийг бүрэн толилуулсан, мэдээллийн самбар, өргөдөл, гомдол авах хайрцаг байрлуулж, цахим хуудсаа хөгжүүлэхэд хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулсан, бичиг баримтын эмх, цэгц үлгэр жишээ байлаа. Бидний үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудаас нийтдээ 37 байгууллага буюу 72% нь 50-аас дээш оноо авсан байна. Үнэлгээний дундаж нь 51 хувь байна.

2014 оны 6 дугаар сарын сүүлчээр хийсэн энэхүү ажиглалтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн дүгнэлттэй харьцуулбал төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох талаар тодорхой ахиц гаргасан байгааг дурдаж байна. Манай орны аль ч өнцөг буланд байгаа иргэн гар утас, компьютер, нөүтбүүкээсээ төрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломж бүрдсэн. Ямар мэдээлэл тавихыг хуульчилсан өнөөгийн энэ нөхцөлд аль нэгэн төрийн байгууллагын удирдах болон бусад ажилтантай биечлэн уулзаж мэдээлэл хүсэх шаардлагагүй болсон. Иймд Конвенцийн хэрэгжилтийн үнэлгээ хийхийн тулд бид аль нэг байгууллагын даргатай уулзаж танай байгууллага юу хийж байна вэ? гэж асуух уулзалтын аргыг сонгоогүй. Энэ нь үнэлгээ “хөндлөнгийн байх” шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

  • Төрийн бүх байгууллагууд хуулийн хэрэгжилтийг жигд хангаж, олон нийт, хөндлөнгийн үнэлгээ хийж буй байгууллага, төрийн бусад байгууллага, цаашилбал,  НҮБ-ийн байгууллагууд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг дэлхийн хаанаас ч авах боломжийг практик дээр бодитой хангах нь зүйтэй.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 4.1-бага боловсролын агуулга, 5.1-суурь боловсролын агуулга болон 6.1-бүрэн дунд боловсролын агуулга, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.2- Дээд боловсролын тухай хуулийн 3.2-дээд боловсролын агуулга тус бүрт “авлигыг үл тэвчих” хандлага, ёс зүйн хүмүүжлийн талаар хангалттай тодорхой байдаггүй тул энэ талаар нэмэлт оруулж өгөх шаардлагатай.

Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудсанд бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын хөтөлбөр, хичээл бүрийн хөтөлбөрийн минимум шаардлагыг тодорхойлсон мэдээлэл байхгүй байна. АТГ нь авлигыг үл тэвчих хүмүүжлийг бага наснаас нь төлөвшүүлэх чиглэлээр дээр дэрдсан олон төрлийн арга хэмжээ авч, сургууль, ТББ, олон улсын байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл оролцуулж байгаа нь сайшаалтай байна. Цаашид төлөвлөгөөт буюу цаг үеийн шинжтэй арга хэмжээнээс тогтмолжсон, системтэй, заавал хэрэгжих түвшинд хүргэх шаардлагатай.

  • Авлигыг үл тэвчих хүмүүжлийг нэг бие даасан хичээл болгож оруулах нь ахлах анги, мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд байж болох боловч хүүхдийн оюуны хөгжил, насны онцлогт нь тохирсон хэлбэрээр унших, монгол хэл, хүн нийгэм, иргэний боловсрол, хууль, эдийн засгийн суурь мэдлэг олгох хичээл бүрийн хөтөлбөрт суулгаж өгөх чиглэлээр Авлигатай тэмцэх газар, Боловсрол шинжлэх ухааны яам, ТББ-ууд хамтран ажиллах нь зүйтэй.
  • Бүх шатны сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн минимум шаардлагыг Боловсрол шинжлэх ухааны яам цахим хуудсандаа ил тод байршуулах нь эцэг, эх, сургууль, хүүхдийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой
  • Хууль зүйн болон эдийн засаг, менежмент, нийгмийн ухааны чиглэлийн боловсролын хөтөлбөрийн агуулгад авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгоход чиглэсэн сэдвүүдийг түлхүү оруулах

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэвч Иргэний хуулийн дагуу бусдын нэр төр алдар хүндийг гутаан доромжилж, гүтгэсэн мэдээлэл тараавал иргэний хариуцлага хүлээлгэхээр байна.

  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх” гэдгийг оруулах шаардлагатай
  • Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчийг эрүүгийн хариуцлагад татдаг явдлыг халахаар хэлэлцүүлэх явцад Конвенцийн энэхүү заалтын бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх талаарх хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд иргэний эрх зүйн хариуцлагаас өөр хариуцлага байх эсэхийг тухайн этгээдийн сэдэлт, зориуд санаатай тохиолдлын талаар нарийвчлан судлаж нэгэн зэрэг шийдвэрлэхийг зөвлөж байна.
  • Нэг үе сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт шийтгэж байсан. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл үүнийг зогсоож байгаа юм байна. Хоёр талруугаа хэт туйлширч байгаад бид болгоомжтой хандаж байна. Сэтгүүлчид худалдагддаг, “хаалтын гэрээ” байгуулдаг явдлаас хэрхэн гарах арга замыг Гэмт хэргийн тухай хуулиар шийдвэрлэж байна уу, өөр ямар арга хэмжээ хэрэгтэй вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай.
  • Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “үндэсний аюулгүй байдал, олон нийтийн дэг журам, олон нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” харилцааг нэмж тусгах

Үндэсний аюулгүй байдал, олон нийтийн дэг журам, олон нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахтай холбоотой практик мэдээллийг судалгааны энэхүү богино хугацаанд олж амжаагүй болно. АТГ цахим хуудсаараа дамжуулан өөрийн чиг үүрэг, хийж байгаа ажлын талаар тогтмол мэдээллээр хангадаг, мөн олон нийтийн их ашигладаг цахим хуудсуудаар дамжуулан үйл ажиллагаагаа тайлагнадаг нь  Конвенцийн авлигатай тэмцэх холбогдох байгууллагын талаар олон нийт мэдэж байх явдлыг хангах талаар зохих арга хэмжээ авах гэсэн шаардлагыг хангаж байна.

Авлигын эсрэг хуулиар АТГ-ын чиг үүрэгтэй холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах, иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар АТГ газар өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч  болно (9.1) гэж заасан нь Конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг үүсгэж байна гэж үзэж болох аливаа тохиолдлын талаар мэдээлэхээр эдгээр байгууллагад зохих тохиолдолд хандах боломжоор хангана гэсэн шаардлагыг хангаж байгаа боловч нэрээ мэдүүлэхгүйгээр хандах боломж багтана гэсэн шаардлагыг хангахгүй байна.

АТГ-ын цахим хуудсаар АТГ-ын албан хаагчдын талаарх гомдол, АТГ-ын талаарх санал, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өгөхөд гомдол, мэдээлэл гаргагчийн хувийн мэдээллийг шаарддаг бол АТГ-ын албан хаагчдын талаарх мэдээлэл өгөхөд мэдээлэл гаргагчийн хувийн мэдээллийг шаардахгүй байгаа нь бодит практикт нэргүй мэдээлэл авч Конвенцийн шаардлагыг хангаж байгаа юм байна. Энэ нь Конвенцийн “үүнд нэрээ мэдүүлэхгүйгээр хандах боломж багтана” гэсэн шаардлагад практик хэрэгжилтээрээ нийцэж байгаа боловч Авлигын эсрэг хуульд тодорхой зааж суулгаж өгөөгүй байгаа нь Конвенцийн шаардлагыг хангахгүй байна.

  • Авлигын эсрэг хуульд Конвенцийн авлигатай холбоотой гэмт хэргийн талаар  нэрээ мэдүүлэхгүйгээр хандах боломж олгох харилцааг зохицуулсан нэмэлт оруулах нь зүйтэй.

14 дүгээр зүйл. Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Мөнгө угаах бүх хэлбэрийг таслан зогсоох болон илрүүлэхийн тулд банк болон банк бус санхүүгийн байгууллага, түүний дотор мөнгө буюу бусад үнэт зүйлийн шилжүүлгийн албан буюу албан бус үйлчилгээ үзүүлдэг хувь хүн буюу хуулийн этгээд, түүнчлэн ялангуяа мөнгө угаахад өртөх эрсдэлтэй бусад байгууллагад зохих тохиолдолд зохицуулалт, хяналтын дотоодын иж бүрэн дэглэмийг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоох бөгөөд ийм дэглэм нь харилцагч болон зохих тохиолдолд жинхэнэ өмчлөгчийн хэн болохыг тогтоох, тэмдэглэл хөтлөх, сэжигтэй гүйлгээг мэдээлэхэд тавих шаардлагыг онцлон тогтооно гэсэн Конвенцийн 14 дүгээр зүйлийн 14.1.(а)-д заасан эрх зүйн орчныг бүрдүүлэх үе шаттай арга хэмжээг төр засгаас авсаар байна. УИХ-ын чуулганы 2013 оны 5 дугаар сарын 31-ний хуралдаанаар  2006 онд батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2004 онд батлагдсан Терроризмтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг тус тус баталсан.

Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн албаны Үйл ажиллагааны статистик мэдээллээс түүвэрлэн авч үзвэл 2011 оны IV улиралд сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо 71, дүн шинжилгээ хийгдсэн болон хийгдэж буй сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо 57, 2012 оны IV улиралд сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо 158, дүн шинжилгээ хийгдсэн болон хийгдэж буй сэжигтэй гүйдгээний тайлангийн тоо 110, 2013 оны IV улиралд сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо 285, дүн шинжилгээ хийгдсэн болон хийгдэж буй сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо 180  байжээ.

Монгол Улс Мөнгө угаах ажиллагааны эсрэг хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, өөрийн орны санхүүгийн байгууллагын тогтолцоондоо нийцүүлэн Мөнгө угаах үйл ажиллагааны эсрэг дотоодын дэглэмийг бий болгосон, тухайн үйл ажиллагааны эсрэг судалгаа, шинжилгээ, мэдээ мэдээлэл, баримт сэлт судалж, бэлтгэдэг тусгай бие даасан алба болох Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хууль сахиулах эрх бүхий байгууллагуудад мэдээлэл хүргэж байна.

Гэсэн  хэдий ч Монгол Улсын аль ч шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 1661 зүйл буюу Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж, хэрэг хянан шийдвэрлэсэн практик шүүхэд байхгүй байна. Монгол Улс авлигын индексээрээ дээгүүрт жагсдаг орны хувьд авлигын замаар олсон хууль бус мөнгөний эх үүсвэр хэрхэн, ямар замаар эргэж, угаагддаг болох нь тодорхойгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн судалгаа хийгдээгүй байна.

  • Монгол Улсад Мөнгө угаах гэмт хэрэг огт гардаггүй юу? Тэгвэл яагаад Монгол Улс авлигын индексээрээ дээгүүрт жагсдаг орон хэвээр байна вэ гэдгийг судалж, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх системтэй арга хэмжээг харилцан уялдаатай авч хэрэгжүүлэх
  • Авлигын замаар олсон хууль бус мөнгөний эх үүсвэр хэрхэн, ямар замаар эргэж, угаагддаг болох нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ тал дээр нухацтай ажиглалт, судалгааг төрийн холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хийж, түүний дүгнэлт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авах

2013 онд шинэчлэгдэн батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулиар мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагад үндэсний болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломжтой байх, гадаадын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн байна. СМА гадаадын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцох хамтын ажиллагаа аажмаар төлөвшиж байна.

Энэхүү үнэлгээний явцад шүүх болон хууль сахиулах байгууллагын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр гадаадын ижил төстэй байгуллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх , мэдээлэл солилцсон талаар тодорхой мэдээлэл олдоогүй болно. Монголбанкны СМА-ны цахим хуудсанд “Мөнгө, угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан хууль журмууд” гэсэн цэс байх боловч судалгаа хийх хугацаанд “засвар хийгдэж байна гэсэн байдалтай” 2 долоо хоногийг өнгөрөөсөн. СМА-ны үйл ажиллагааны дүрэм, журам олдоогүй болно.

  • Шүүх болон хууль сахиулах байгууллагын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр гадаадын ижил төстэй байгуллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх , мэдээлэл солилцсон талаарх нууцад хамаарахаас бусад тоон болон чанарын мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх
  • СМА-ны мэдээлэл бүхий цахим хуудсын холбогдох цэсийг байнгын ажиллагаатай болгох, нууцад хамаарахаас бусад мэдээллийг ил тод болгох нь тухайн байгууллагын талаарх төрийн бусад байгууллага, олон нийтийн ойлголтыг бий болгох авлига, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэж байна.

Монгол Банк, Гаалийн ерөнхий газрын хооронд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай журам нь 2008 оны 11 сарын 28-ны 515/760 тоот тушаалын хавсралтаар батлагдсан бөгөөд уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан өөрчлөлт оруулаагүйгээс хүчингүй болсон хуулийн 15 дугаар зүйлд заасан мөнгөн дүнгийн хэмжээ буюу 5 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хилээр гаргахаа  мэдүүлэх тухай шинэ хуульд нийцээгүй заалтаа мөрдсөн хэвээр байна.

Монгол Банкны Ерөнхийлөгч, Гаалийн ерөнхий газрын даргын хамтарсан 2008 оны 11 сарын 28-ны 515/760 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Банк, Улсын Гаалийн Ерөнхий Газрын Хооронд Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Талаар Хамтран Ажиллах тухай журам”-ын хэрэгжилтэд үнэлгээ хийсэн, хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар мэдээлэл хомс байна.

  • Эрх зүйн орчны хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч болон Гаалийн газрын дарга нарын хамтран баталсан тушаалыг 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуульд нийцүүлэн  “Хөрөнгийн чөлөөт хөдөлгөөн”-ий босго шалгуурт нийцүүлэн, нэмэлт өөрчлөлт оруулах, ийнхүү өөрчлөлт оруулахдаа 15 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютаас гадна санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг нэмж тусгах оруулах.

Цахим шилжүүлгийн тогтолцоонд бусад санхүүгийн үйл ажиллагааны нэгэн адил мөнгөний цахим шилжүүлгийн маягт болон холбогдох мэдээнд шилжүүлэгчийн талаар үнэн зөв бөгөөд чухал мэдээллийг цуглуулах, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжоор өөрийн орны эрх зүйн тогтолцоо, банк, санхүүгийн байгууллагуудын тогтолцоо, онцлогт нийцүүлэн бүрдүүлсэн байна. Харин уг асуудлын хүрээ өргөн, банк болон банкаас бусад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаатай тус бүртэй нь танилцах, судлах боломж хомс тул практик хэрэгжилтийг судлах боломжгүй байна.  Энэ нь мэдээллийн нууцлалыг хадгалах шаардлагаас үүдэлтэй байж болох юм.

Банкны төлбөр тооцооны системийн тогтолцооны аль ч бүрэлдэхүүнд буюу Их дүнтэй төлбөр тооцооны систем, Бага дүнтэй төлбөр тооцооны системд оролцогч тал төлбөр тооцооны гүйлгээний тоо баримт, үнэн, зөв мэдээллийг өөрөө хариуцах шаардлагыг хуульд болон эрх бүхий байгууллагаас баталсан журмаар зохицуулсан байна. Шилжүүлэгчийн талаар бүрэн мэдээлэл байхгүй мөнгөн шилжүүлгийг нарийн шалгах харилцааг хуулиар, журмаар тодорхой хэмжээнд зохицуулсан байх бөгөөд сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг СМА-нд мэдээлэх журмыг Монголбанкны Ерөнхийлөгч баталсан. Харин практик хэрэгжилтийн талаарх мэдээлэл хомс байна.

  • Энэ талаар Зохих нууцлалыг хадгалах баталгааны үндсэн дээр нарийвчилсан судалгаа шинжилгээ хийхийг зөвлөж байна.

2014 оны 1 дүгээр сарын 16-нд УИХ-аар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд тус тус холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон ажлуудыг бүгдийг хийсэнд тооцсон байна. Ингэснээр 2014 оны 2 дугаар сарын 17-нд Францын Парис хотноо болсон ФАТФ-ын 22 дугаар чуулга уулзалтын үеэр энэ чиглэлд манай улсын гаргасан ахицыг өндрөөр үнэлж, Монгол Улсыг “хар саарал жагсаалт”-аас гаргаж зэрэглэлийг нь дээшлүүлсэн. Монгол Улс бүс нутаг хоорондын болон олон талт байгууллагаас мөнгө угаахын эсрэг холбогдох санаачлагыг удирдлага болгон ажиллах талаар шаардлагатай, өөрөөс шалтгаалах хүчин чармайлт гаргаж байна гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүчин чармайлтаа үндэсний түвшинд холбогдох бүх байгууллагын үйл ажиллагаатай уялдуудах, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх шаардлага хурцаар тавигдаж байна.

Прокурорын байгууллагын тухай хууль (2002)-д мөнгө угаах үйл ажиллагаа, түүний эсрэг авах арга хэмжээ, санхүүгийн зохицуулалтын байгууллагатай харилцах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй хэдий ч  “Улсын ерөнхий прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, тэдэнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх буюу гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар хэлэлцээр байгуулж болно” гэсэн нь Прокурорын байгууллагыг мөнгө угаах гэмт хэргийн эсрэг гадаад улсын байгууллага болон ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага мэдээлэл солилцох хууль зүйн орчинг бүрдүүлж байна.

Цагдаагийн албаны тухай хууль (2013)-д мөнгө угаах гэмт хэргийг судлах, илрүүлэхтэй холбоотой тусгайлсан зохицуулалт байхгүй боловч олон улсын цагдаагийн байгууллага (интерпол)-ын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн нийт байгууллагыг хангах  чиг үүргийг Цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлэх, 29 дүгээр зүйлийн 29.3-т: “Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсын хууль сахиулах байгууллага болон олон улсын цагдаагийн байгууллагад тэдгээрийн хүсэлтээр мэдээллийн сангаас мэдээлэл өгч болно” гэж тус тус зохицуулсан нь мөнгө угаах гэмт хэргийн эсрэг гадаад улсын болон ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага мэдээлэл солилцох боломжийг хууль зүйн хувьд бүрдүүлсэн байна.

  •  Хуулийн заалтын практик хэрэгжилтийн талаарх нууцад хамаарахаас бусад мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх талаар зохих анхаарал тавихыг зөвлөж байна.

 

 

Хариуцсан партнер