Хөрөнгийн зах зээл

23 Dec Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээл

Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны салбар илт  давамгайлж харин хөрөнгийн, даатгалын, бичил санхүүгийн зах зээл санхүүгийн салбарын 5 хүрэхгүй хувийг эзэлдэг. Банкны болон хөрөнгийн зах зээлийг тэнцвэртэй  хөгжүүлэх нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хөгжилд бодитой үр нөлөө үзүүлнэ. Санхүүгийн Зохицуулах Хороо болон Улаанбаатар хотын Засаг Даргын  зүгээс  Улаанбаатар хотыг Төв Азийн санхүүгийн төв болгон хөгжүүлэх нэлээд амбицтай зорилтыг олон нийтэд танилцуулаад байгаа. Монголын хөрөнгийн бирж 2010 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй биржээр зарлагдаж байсан. Төр засгийн зүгээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрх зүйн таатай орчноор дэмжих бодлого явуулж байна. Улсын Их Хурлаас 2013 онд  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас гадна анх удаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай бие даасан хуулийг баталсан. Санхүүгийн Зохицуулах Хороо эдгээр хуулиудыг дагалдан гарах дүрэм, журмуудыг батлан гаргасан. Эдгээр шинэ хуулиуд нь  кастодианы, хөрөнгө оруулалтын менежментийн зэрэг өргөн хүрээний мэргэшсэн үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгож, гадаадын компаниуд Монголын Хөрөнгийн Бирж дээр, Монголын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах Хороо 2014 онд IOSCO-ийн Олон Талт Санамж Бичигт гарын үсэг зурсан  нь манай улс олон улсын хөрөнгийн зах зээлд нэгдэх бодит боломжийг нээсэн юм. Хөрөнгийн зах зээл үүссэн цагаас хойш тус улсад ердөө төрийн өмчийн нэг л бирж (Монголын Хөрөнгийн Бирж) үйл ажиллагаа явуулж байсан бол 2016 онд NASDAQ-ийн жишиг дээр суурилсан, анхны хувийн хэвшлийн Үнэт Цаасны Бирж тусгай зөвшөөрлөө авч нээлтээ хийсэн. Энэ бүхэн нь өмч хувьчлалын үр дүнд хөгжиж эхэлсэн хөрөнгийн зах зээлийг орчин үеийн өндөр өсөлттэй салбар болгон хөгжүүлэх ирээдүй байгаа гэсэн итгэлийг төрүүлдэг. Манай нөхөрлөл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсаны дараа хөрөнгийн зах зээлд эрх зүйн зөвлөгөө өгөх эрхээ Санхүүгийн Зохицуулах Хороонд хамгийн түрүүнд бүртгүүлсэн. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахад хууль зүйн магадлан шалгалт хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чиглэлээр манай нөхөрлөл мэргэшсэн болно. Эдийн засгийн хөгжил саарч байгаа энэ он жилүүдэд хөрөнгийн зах зээл төдийлөн  идэвхтэй биш байгаа ч  бид үнэт цаас гаргах, даатгагдсан компанийн бонд гаргах, компанийн засаглалыг сайжруулах чиглэлд хууль зүйн зөвлөгөө өгсөөр байна. Өмч хувьчлалын талаар төрөөс явуулж буй бодлогын хүрээнд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн томоохон  компаниудын хувьцааны 30 хүртэл хувийг олон нийтэд арилжих ажлыг төрийн байгууллагаас зохион байгуулж эхлээд байна. Мөн түүнчлэн хуульчдын үргэлжилсэн кредит цагийн сургалтанд “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулж, Монголын Хуульчдын Холбоогоор магадлан итгэмжлүүлж, сургалт явуулж байна. Манай Хөрөнгийн зах зээлийн салбарыг Партнер Д.Дүгэржав ахлан ажилладаг. Тэрээр IOSCO-ын зарчмууд, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, төрийн бодлого, монголын практик орчны талаар зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан хуульч юм.

Хариуцсан Партнер

Холбоотой Мэдээ
Нийтлэл