Компанийн эрх зүй

Үйл ажиллагаа

23 Dec Компанийн эрх зүй

Компанийн эрх зүй

Монгол Улсын хууль эрх зүйн болон бизнесийн орчин нь зах зээлийн оролцогчдыг үр дүнтэй, тэнцвэртэй зохицуулалтаар хангахыг чармайсаар ирсэн. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд манай улс бизнес, хөрөнгө оруулалтын зохистой эрх зүйн орчинг бий болгох чиглэлд ихээхэн ахиц гаргасан. Ялангуяа, сүүлийн жилүүдэд компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A), гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан компани, төслийн болон компанийн санхүүжилт, үнэт цаасны зах зээл, төр-хувийн хэвшлийн түншлэл (PPP) болон хөрөнгө оруулалтын сангийн зэрэг харилцааг зохицуулах, тэдгээрийн хөгжилд дэмжлэг үзүүлэх ихээхэн ач холбогдол бүхий хууль тогтоомжуудыг батлан гаргасан. Үүнд, Концессын тухай хууль (2010 он), Банкны тухай хууль (2010 он) Компанийн тухай хууль (2011 он), Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2013 он), Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль (2013 он), Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013 он) Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль (2013 он), Газрын тосны тухай хууль (2014 он) зэргийг дурдаж болно. 2015 онд Улсын Их Хурлаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, бизнесийн үйл ажиллагааны бүртгэлийг сайжруулах чухал алхмыг хийсэн. Юуны түрүүнд, энэхүү хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахыг зорьсон гадаадын компаниудын цаг хугацаа шаардсан тусгайлсан хяналт болон бүртгэлийг арилгасан юм. 2015 онд эрх зүйн салбарт гарсан бас нэгэн дэвшил нь Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг анх удаа баталсан явдал юм. Энэхүү хуулиар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдлөх хөрөнгийг илүү үр дүнтэйгээр барьцаалах эрх зүйн суурь орчныг бүрдүүлсэн. Мөн 2015 онд Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ба энэхүү хуулиар 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн аливаа бизнес нь, хэмжээнээс үл хамааран, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг дагаж мөрдөхөөр зохицуулсан. Эдгээр хуулиуд нь зохих эрх бүхий байгууллагаас гаргасан журам, бусад эрх зүйн актуудаар илүү дэлгэрэнгүй зохицуулагдаж, нарийвчлагдах юм. Манай нөхөрлөл бизнесийн эрх зүйн чухал хэлцлүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор хөрөнгийн зах зээл, M&A, төрийн өмчит хуулийн этгээдүүд, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, банк болон бусад санхүүгийн байгууллагуудтай холбоотой асуудлууд, төслийн санхүүжилтын ажлууд багтана. Тус нөхөрлөлийн компанийн эрх зүйн зөвлөх үйлчилгээг энэ чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулж, үйлчлүүлэгч нарынхаа талархлыг хүлээдэг Удирдах Партнер Б.Энхбат ахлан ажиллаж байна.