Эрчим хүч/Газрын тос

Үйл ажиллагаа

23 Dec Эрчим хүч/Газрын тос

Эрчим хүч/Газрын тос, Байгалийн хий

Монгол Улсын байгалийн баялагт суурилсан бүтээн байгуулалтын урт хугацааны төлөвлөгөө нь эрчим хүчний эрэлтийг хурдацтай өсгөж байна. Хэдий тийм боловч Монгол Улсад эрчим хүчний салбарыг цаашид хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байна. Манай орны эрчим хүчний салбар дахь боломжуудыг гацаанаас гаргахын тулд ойрын 10 орчим жилийн хугацаанд 8-10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй хэмээн тооцоолж байна. Цаашилбал энэхүү хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг хувийн  хэвшлийн хөрөнгө оруулалтаас олохоос өөр боломжгүй гэж үздэг. Энэ зорилгоор Монгол Улс эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар зөвшөөрч, түүнийг дэмжих бодлого барьж байна. Ийнхүү хөрөнгө оруулах эрмэлзлэлийг дэмжих хөшүүрэгт тендер, сэргээгдэх эрчим хүчний баталгаат тариф (хараахан хэрэгжиж эхлээгүй байна), урт хугацааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ болон эдгээр хөшүүргүүдийг хослуулсан хэлбэр зэргийг дурдаж болно. Монгол Улсын Их Хурлаас (i) Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, болон (ii) Монгол Улсын эрчим хүчний гол хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийг 2015 онд баталснаар эрчим хүчний салбарын эрх зүйн орчинд томоохон дэвшил гарсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилт нь Монгол Улсын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, цаашид эрчим хүч экспортлогч орон болоход оршино. Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээр “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих зорилготой), “метан хий” буюу уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийг зөвшөөрөгдсөн буюу зохицуулагдсан эрчим хүч болгон тодорхойлсон, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “дэмжих (буюу ногоон) тариф” зэрэг чухал ойлголтуудыг шинээр хуульчилсан. Мөн 2015 онд Монгол Улсын Их Хурлаас эрчим хүчний салбарын хэд хэдэн төрийн өмчит компаниудын хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, “ДЦС 2”, “ДЦС 3”, “ДЦС 4”, “Дарханы ДЦС”, “Эрдэнэтийн ДЦС” гэсэн таван ДЦС-ыг 2016 онд хэсэгчлэн хувьчлахаар болсон. Мөн төрийн өмчит нүүрсний уурхайнууд болох Багануурын уурхай болон Шивээ Овоогийн уурхайнуудын төрийн оролцоог 2016 онд багасгахаар төлөвлөөд байна. Газрын тос, байгалийн хийн салбарын тухайд 2014 онд баталсан Газрын тосны тухай хуулийг дагалдаж 2014, 2015 онуудад Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн эрх зүйн актыг баталсан. Тухайлбал, эдгээр шинэ зохицуулалтаар шатдаг занар зэрэг эрчим хүчний шинэ үүсвэрүүдийн хайгуул хийх, үйлдвэрлэх боломжийг нээсэн. 2015 онд тус хуулийн нөхөрлөл нь манай улсын эрчим хүчний салбарын хамгийн том Төр, хувийн хэвшлийн түншлэл болох 5-р ДЦС-ын хэлэлцээрт Азийн Хөгжлийн Банкинд Монгол Улсын Засгийн газарт зөвлөгөө өгөх ажилд нь дотоодын хуулийн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллалаа. Мөн 2015, 2016 оны туршид эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хэд хэдэн  төсөлд (уламжлалт болон уламжлалт бус) хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Удирдах Партнер Б.Энхбат нь тус нөхөрлөлийн Эрчим хүч, Газрын тос, Байгалийн хийн салбарыг ахлан ажиллаж байна.