Банк, Санхүү

07 Jan Банк, Санхүү

Банк, Санхүү

Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлдаг. Төв банк буюу Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлдэг. Харин Санхүүгийн Зохицуулах Хороо нь банкныхаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Санхүүгийн зах зээл дээр банкнаас гадна даатгал, ББСБ, ХЗХ, үнэт цаасны зах зээлийн байгууллагууд, хөндлөнгийн аудит, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн түрээс, барьцаалан зээлдүүлэх буюу ломбард, хөрөнгийн зуучлал, валют арилжаа, түүхий эдийн биржийн гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь зохицуулалттай үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд хамаарна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манай улс ганцхан улсын банктай байж, үүгээр дамжуулан мөнгөний бодлого, зээл, төлбөр тооцоо, гадаад гүйлгээг явуулж байв. 1991 оны 4 дүгээр сард батлагдсан “БНМАУ-ын Банкны хууль”-д тус улсын банкны тогтолцоо нь Төв банк, арилжааны банкнаас бүрдэнэ гэж зааснаар хоёр шатлалт банкны тогтолцооны хөгжлийн үндсийг тавьсан. 1990-ээд оны дунд үе хүртэл инфляцийн түвшин өндөр байсан учир банкны зээлийн хүүгийн хувь бас нэмэгдэж, зээл нь үйлдвэрлэлийг бус, түргэн эргэлттэй худалдаа, үйлчилгээ зэрэг салбарыг  тэтгэх болсноор энэ нь эргээд банкыг эрсдэлд оруулсан. Үйлдвэрлэлийн салбар уналтад орсноор банкууд найдвартай эх үүсвэргүй болж, тэднийг дэмжиж хөгжүүлэх бололцоо нь бүрдээгүй юм. Сүүлийн 20 жилд нийтдээ 18 банк дампуурч, бас өөр хоорондоо нэгдсэн нь энэ салбар ямар хүндрэл бэрхшээлийг туулж, хөгжиж ирснийг харуулдаг. Манай нөхөрлөл банкны салбарт хэд хэдэн банкуудтай хамтран ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тус нөхөрлөлийн партнерууд нь Банкны салбарт Ипотекийн анхдагч зах зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд Монгол улсын Төв банк болон нийт банкуудтай хамтран ажиллаж ирсэн. Манай хуульчид тухайн үед өөрсдийн эрхэлж байсан ажил үүргийн хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009), Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль (2010)-ийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ихээхэн үүрэгтэйгээр ажилласан. Түүнчлэн 2012 онд Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам боловсруулах ажлын хэсэгт ажилласан. Одоогоор тус хуулийн нөхөрлөл нь иргэдэд олгосон жилийн 8 хувийн хүүтэй, 3 их наяд гаруй төгрөгийн дүнтэй орон сууцны зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаас гаргах ажилд хөндлөнгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Мөн тус хуулийн нөхөрлөл нь гадаадын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол улсын хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, компанид зээл олгох ажлын дотоод дахь судалгаа шинжилгээг хийх, хууль зүйн дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэж байна. Тус нөхөрлөлийн Банк, Санхүүгийн салбарыг Партнер П.Сугарням ахлан ажилладаг. Тэрээр Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бий болгохоос эхлэн практикт хэрэгжүүлэх талаар Төвбанк, Монголын ипотекийн корпорацитай тогтвортой хамтран ажиллаж,  ихээхэн туршлага хуримтлуулсан хуульч гэдгийг банкны салбарынхан хүлээн зөвшөөрдөг.

Хариуцсан Партнер

Холбоотой Мэдээ
Нийтлэл