Хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг Улсын их хурал хэлэлцэнэ (2015.02.06)

06 Feb Хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг Улсын их хурал хэлэлцэнэ (2015.02.06)

 Хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслийг боловсруулахдаа гэрээний талуудын чөлөөт байдлыг хүндэтгэх, барьцааны эрх үүсэх, бүртгүүлэх, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нийтэд ил тод, тодорхой байдлыг хангах зарчимд үндэслэсэн бөгөөд уг харилцаанд иргэн, хуулийн этгээд оролцож болохоор заажээ.

Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор заасан хэдий ч ийнхүү бүртгүүлэх болон бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт төдийлөн хэрэгжихгүй байна. Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн, тухайлбар Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг ердөө  37 удаа хийсэн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна гэж хууль санаачлагч үзсэн байна.

Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байна.

Хуулийн төсөлд зааснаар уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 54 зүйлтэй.

Барьцааны зүйл. Иргэний гүйлгээнээс хасагдаагүй, бусдын өмчлөлд шилжүүлж болох, бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах юм.

Барьцааны эрх үүсэх. Барьцааны үүрэг нь хуульд зааснаар, эсхүл гэрээгээр үүснэ. Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ. Хуулийн төсөлд барьцааны гэрээнд тусгавал зохих зүйлийг тодорхойлсон.

Барьцааны баталгаажилт гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс  шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг ойлгохоор тодорхойлсон. Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн буюу түүний итгэмжилсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна. Харин ийнхүү барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр барьцаа баталгаажна. Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр баталгаажна.

Барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалал. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжинд хангуулах хэд хэдэн барьцаалагчийн  эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан  цаг хугацааны дарааллаар тодорхойлно. Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас тэдгээр нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байх бөгөөд баталгаажаагүй  хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлана.

Бүртгэлийн байгууллага. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг  бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эсхүл барьцааны мэдэгдлийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага энэ хуульд заасан журмын дагуу бүртгэж бүртгэлийн дугаар олгоно. Энэ хуульд заасан барьцааны мэдэгдлийн бүртгэл нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, барьцааны эрх хэрэгжих дараалал тогтоох зорилготой.

 Цахим мэдээллийн сан. Бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сантай байна. Бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим мэдээллийн санг улсын хэмжээнд үүсгэх,  байнгын бүрдүүлэлт, баяжуулалт хийх, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, найдвартай байдлыг хариуцахаар хуулийн төсөлд тусгажээ. Цахим мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох болон барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох журмыг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын санал болгосноор хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл. Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ.

Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдэл. Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдлийн агуулгыг хуулийн төсөлд тусгасан байна.

Барьцааны шаардлагыг хангах хугацаа. Барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол, барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоног байна. Барьцааны шаардлагыг хэрэгжүүлэхийн өмнө барьцааны зүйл устах, алдагдах, үнэ цэнэ нь буурахаас  сэргийлэх зорилгоор барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахтай холбогдсон талуудын эрх, үүргийг тодорхойлжээ.

7/үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг хэрхэн худалдан борлуулах талаар болон барьцааны шаардлага хангах дарааллыг шийдвэрлэх.

Барьцааны шаардлагыг хангах арга, хэлбэр.Барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа барьцаалагч нь барьцааны зүйлийн шинж чанарыг харгалзан үзэж, тухайн нөхцөл байдалд тохирсон аргыг сонгох, барьцааны зүйлийг худалдан борлуулах гуравдагч этгээдийг томилох зэргээр аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй бөгөөд барьцааны зүйлийг худалдан борлуулж барьцааны шаардлагыг хангах арга, хэлбэрийг тодорхойлсон байна.  Түүнчлэн барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцаалуулагч нь барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангуулах ажиллагааг зогсоох эрхтэй.

Барьцааны эрхийг дуусгавар болох үндэслэл. Хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны гэрээний талууд харилцан тохиролцсон; барьцаагаар хангах үүрэг хангагдсан, эсхүл үүрэг дуусгавар болсон; барьцааны зүйл үгүй болсон; барьцааны зүйл барьцаалагчийн өмчлөлд шилжсэн гэх мэт барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг тодорхойлжээ.

Ийнхүү хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа  нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес хөгжихид чухал хөшүүрэг болох юм.

Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт тус фирмийн Партнер Д.Дүгэржав ажиллаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Холбоотой партнер