Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2015.03.11)

11 Mar Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (2015.03.11)

Энд дарж мэдээг татаж авна уу.

2015 оны 01 сарын 29-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хууль” -ийн шинэчилсэн найруулга батлагдсан бөгөөд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН доорх мэдээллийг “Төрийн Мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 03 сарын 02-ны өдрийн №08/869/ дугаарт нийтлэгдсэн албан ёсны хэвлэлээс бэлтгэв.

Энэхүү “Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хууль”-ийн шинэчилсэн найруулгын гол ач холбогдол нь хуулийн этгээдийн бүртгэл, түүнтэй холбоотой лавлагаа, мэдээ мэдээлэл, олж авах, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, хадгалах, тусгаарлах зэрэг үйлдлүүдийг цахим хэлбэрээр гүйцэтгэх, хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, хурдан шуурхай гүйцэтгэх, олон шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоо нэгдмэл арга зүйтэй байх зарчмыг хангахад чиглэжээ.

ХУУЛИЙН ЭТГЭЭЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ.  2003 онд батлагдсан Хуулийн Этгээдийн Бүртгэлийн Тухай хуульд цахим хэлбэрээр бүртгэх, лавлагаа, мэдээ мэдээлэл олгох тухай хуульчилсан байсан ч хэрхэн гүйцэтгэх талаарх зохицуулалт тодорхойгүй байсны улмаас хэрэгжүүлэх боломжгүй байсан байна. Харин 2015 оны энэхүү шинэчилсэн найруулгаар Бүртгэлийн цахим хэлбэр гэдэгт сүлжээгээр дамжуулан улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд хандаж улсын бүртгэл хийлгэхийг ойлгож байгаа бөгөөд цахимаар Улсын тэмдэгтийн хураамж төлөх, хуулийн этгээдийн хувийн хэргийн лавлагааг цахим хэлбэрээр авах, улсын бүртгэлийн гэрчилгээг цахимаар авч, хүссэн үедээ хэвлэж гаргах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг хуулинд тусгасан байна.

НЭРИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хувьд Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн албан ёсны цахим хуудсаар дамжуулж нэрийн сонголт хийх, хайх, баталгаажуулах боломжтой бөгөөд нэрийн баталгаажуулалт нь ажлын 10 хоногийн турш хүчинтэй юм. Энэ хугацаанд хуулийн этгээд өргөдлөө гаргаагүй бол хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг дахин гаргаж болно. Хуулийн энэхүү зохицуулалтаас харвал хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийснээс хойш ажлын 10 өдрийн дотор хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүргүүлэхэд шаардагдах үүсгэн байгуулах баримт бичиг болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ, хувь нийлүүлсэн хөрөнгийг нотлох баримт зэрэг бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүхий л баримт бичгүүд бэлэн болсон байх шаардлага үүсэж байгаа юм.

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ӨРГӨДӨЛ ГАРГАХ. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар өргөдөл гаргагчийн материалыг дээрх хугацаанд хянаж дуусаад баталгаажуулалт хийх тухай мэдэгдэл цахим хэлбэрээр өргөдөл гаргагчид ирснээс хойш ажлын 5 өдрийн дотор өргөдөл гаргагч нь цахим хэлбэрээр илгээсэн материалуудаа эх хувиар нь Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэл дээр биечлэн авч ирснээр бүртгэл албан ёсоор баталгаажна.

ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ. Хэрэв өргөдөл гаргагч нь Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу  баталгаажуулсан, цахим гарын үсэг эсхүл тоон гарын үсэг тэдгээрийн гэрчилгээг авсан бол, тухайн баталгаажсан цахим гарын үсгээ эсхүл тоон гарын үсгээ ашиглаж материалаа бүрдүүлж цахим хэлбэрээр илгээсэн бол дээр дурьдсаны дагуу өөрийн биеэр Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэл дээр очиж гарын үсгээ баталгаажуулах шаардлагагүй юм байна.

ӨРГӨДЛИЙГ ХЯНАХ. Цахим хэлбэрээр ирүүлсэн баримт бичгийг эх хувьтай нь тулгаж нягталсны дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудас дээр хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцогдох юм байна.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГЭРЧИЛГЭЭ ЦАХИМ БАЙЖ БОЛНО. Хуулийн этгээдийн гэрчилгээг цахим эсхүл бичгэн хэлбэрээр авч болно. Цахим хэлбэрээр авсан тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь шаардлагатай үедээ гэрчилгээгээ хэвлэн авах боломжтой бөгөөд үүнийг нарийвчилсан журмыг асуудал хариуцсан Загийн Газрын гишүүн буюу Хууль Зүйн Сайд батлахаар зохицуулсан байна. цахим гэрчилгээний ач холбогдол нь төрийн байгууллага, бусад байгууллага нь цахим гэрчилгээг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа зөвхөн цахим гэрчилгээг ашиглах үүрэгтэй болж байгаа юм.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭХ ХУГАЦАА. Хугацааны хувьд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлэх материалыг хянах дээд хугацаа өмнөх хуулийн адил ажлын 10 өдөр, бусад хуулийн этгээдийн (дотоодын хөрөнгө оруулалттай компани г.м) материалыг ажлын 2 өдөрт багтаан хянаж мэдэгдэл хүргүүлнэ. Энэ нь өмнөх хуультай харьцуулбал 3 өдрөөр багассан гэсэн үг юм.

ӨРГӨДЛИЙН БҮРДЭЛ. Өмнөх хуулиар Хуулийн Этгээд Шинээр Үүсгэн байгуулахад шаардагдах баримт бичиг 12 байсан бол шинэчилсэн хуулиар 8 болж цөөржээ. Үүнд:

Д/д 2003 ОНЫ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ Д/д  2015 ОНЫ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
1 Нэрийн баталгаажуулалт 1 Нэрийн баталгаажуулалт
2 Өргөдөл УБ-03 Маягт 2 Баталсан загварын дагуу гаргасан өргөдөл
3 Үүсгэн байгуулах баримт бичиг /шийдвэр, дүрэм, үүсгэн байгуулах гэрээ/ 3 Үүсгэн байгуулах баримт бичиг /шийдвэр, дүрэм/
4 Улсын Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Дотоодын компани – 22,000 төгрөг, Гадаадын хөрөнгө оруулалттай компани – 750,000 төгрөг/ 4 Улсын Тэмдэгтийн хураамж төлсөн баримт (Жич: “Тэмдэгтийн хураамж” хэсгээс үзнэ үү)
5 Эхлэлтийн тайлан 5 Эхлэлтийн тайлан
6 Үүсгэн байгуулагчдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар 6 Үүсгэн байгуулагчдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар
7 Эрх бүхий албан тушаалтанд эрх олгосон тухай шийдвэр 7 Эрх бүхий албан тушаалтанд эрх олгосон тухай шийдвэр
8 Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл 8 Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл
9 Бэлэн мөнгө тушаасан баримт, хөрөнгийн жагсаалт
10 Түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
11 Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
12 Хуулийн этгээдийг нэг, эсхүл түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭМЭЛТ БҮРДЭЛ. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувьд дээрх баримт бичгээс гадна дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ
  2. Хөрөнгө оруулагчийн паспортын хуулбар, хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Хөрөнгө оруулалтыг мөнгөн хөрөнгөөр оруулж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, хөдлөх эд хөрөнгөөр хийж байгаа бол гаалийн байгууллагын мэдүүлэг, оюуны өмчөөр хийж байгаа бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
  4. Гадаадын Төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын буюу 2015 оны 02 сарын 16-ны байдлаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг болох Хөрөнгө Оруулалтын Газрын шийдвэр.

Дээрхи өргөдлийн бүрдэл нь Монгол хэлээр байх бөгөөд гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр орчуулж, хавсаргасан байна.

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ. Хуулийн Этгээдийн Бүртгэлийн тухай хууль шинэчилэгдэн батлагдсантай холбогдуулан Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Дотоодын Хөрөнгө Оруулалттай Хуулийн Этгээдийг бүртгэхэд төлөх тэмдэгтийн хураамжийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна. Харин Гадаадын Хөрөэнө Оруулалттай Хуулийн Этгээдийн хувьд тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт ороогүй болно. Дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү. Үүнд:

 

Д/д УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРХООС ӨМНӨ  УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД 2015 ОНЫ  ОНЫ ХУУЛИЙН  САРЫН 29-НД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСНЫ ДАРАА
1 Нөхөрлөл, Компани 22,000 төг Хуулийн этгээд/Үүнд: нөхөрлөл, компани, хоршоо, холбоо, сан мөн улс төрийн нам болон шашны байгууллагаас бусад төрийн бус байгууллага/ 44,000 төг
2 Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар 10,000 төг Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар 20,000 төг
3 Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар ажиллуулахад 1,100,000 төг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар ажиллуулахад 1,100,000 төг
4 Гадаадын хөрөнгө оруулалттай компани 750,000 төг Гадаадын хөрөнгө оруулалттай компани 750,000 төг
5 Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын хугацаа сунгах 750,000 төг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын хугацаа сунгах 750,000 төг
6 Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагааны хугацаа сунгах 75,000 төг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагааны хугацаа сунгах 75,000 төг
7 Гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход 1,800,000 төг Гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1,800,000 төг
8 Шашны байгууллага 200,000 төг Шашны байгууллага 200,000 төг
9 Шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгах 2,200 төг Шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгах 80,000 төг

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН БҮРТГЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ. Хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоо нэгдмэл арга зүйтэй байх зарчмыг хангахын тулд өмнөх хуулиар харъяа Засгийн Газрын Яам, Төрийн Өмчийн Хороонд бүртгүүлдэг байсан байгууллагуудыг халж бүгдийг (улс төрийн намаас бусад) Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газарт бүртгэдэг болсон байна. Үүний харьцуулалтыг доорх хүснэгтээс харна уу.

Д/д 2003 ОНЫ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ  2015 ОНЫ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
1 Нөхөрлөл Нөхөрлөл
2 Компани Компани
3 Хоршоо Хоршоо
4 Холбоо, сан Төрийн бус байгууллага
5 Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар
6 Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар
7 Шашны байгууллага Шашны байгууллага
8 Хэвлэл мэдээллийн байгууллага Хэвлэл мэдээллийн байгууллага
9 Нийтийн эрх зүйн хуулийн этгээд
10 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
11 Соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллага
12 Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар

Өмнөх хуулиар Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь, эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус бүртгэдэг байсныг халж, Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Газарт бүртгүүлдэг болсон байна.

Хуулийн Этгээдийн Бүртгэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Хуулийн Этгээдийн Нэр Олгох, Баталгаажуулах тухай”, “Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэл Хөтлөх тухай” мөн “Монгол Улс Дахь Гадаадын Хуулийн Этгээдийн Төлөөлөгчийн Газрыг Улсын Бүртгэлд Бүртгэх тухай” зэрэг журмууд дагаж шинээр батлагдах юм байна. Ингэснээр хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагаа, процедур улам дэлгэрэнүй тодорхой болж, бүртгэлийн байгууллагын байцаагч шийдвэр гаргахдаа өөрийн үзэмжээр хандах асуудал үндсэндээ халагдаж, бүртгэлийн үйлчилгээ түргэн шуурхай болох практик ач холбогдолтой юм.

 

Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн доорх хуульчидтай холбогдоно уу.

 Б.Энхбат, Партнер

Утас: +(976) 99111061, +(976) 11 330048; и-мэйл: enkhbat@mdsa.mn

 И.Учралбаяр, Хуульч

Утас: +(976) 98000293, +(976) 11 330048; и-мэйл: uchralbayar@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Холбоотой Партнер