Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв (2015.04.10)

10 Apr Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв (2015.04.10)

Энд дарж мэдээг татаж авна уу.

2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр. Өнөөдөр Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын санаачлан боловсруулсан “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн үлдэгдлийн дээд хязгаар буюу “өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх үлдэгдэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” шаардлагыг “эрчим хүч, төмөр зам”-ын төсөлд оруулсан Засгийн газрын санхүүжилтийг хамааруулахгүй байхаар тусгажээ.

Түүнчлэн хуульд заасан төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг тооцохдоо уул уурхай, эрчим хүч, төмөр замын салбарын хуулийн этгээдэд Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг оролцуулж тооцохгүй байх зохицуулалтыг санал болгож байгаа юм байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Засгийн газрын өрийн дээд хязгаараас үл хамааран эрчим хүч болон төмөр замын томоохон төсөлд Засгийн газар санхүүжилт, баталгаа гаргах боломжтой юм.

Хэдийгээр манай улс эдийн засгийн хүндрэлтэй байдалд байгаа боловч өнөөдрийн байдлаар Монголын төмөр зам ТӨХК шинэ төмөр зам төсөл (нийт 1800 орчим км)-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  Нортерн Рейлвейс ХХК Овоотын төмөр замын төсөл (нийт 547 км)-ийг, Засгийн газар Богд хан төмөр зам төсөл (нийт 35 км)-ийг тус тус хэрэгжүүлэхээр холбогдох судалгааг хийж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 88103905, +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.