Уул уурхай Байгалийн баялаг

     Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа солонгоруулах бодлогыг авч хэрэгжүүлж буй хэдий ч уул уурхайн салбар нь манай улсын голлох салбар байсан хэвээр байна. 2019 онд Монгол улсын уул уурхайн салбарт нийтдээ 2.37 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь тус онд манай улсад оруулсан нийт шууд хөрөнгө оруулалтын 75%-ийг эзэлж байгаа юм . Түүнчлэн, Олон улсын валютын сангийн тогтоосноор Монгол улс нь дэлхийн баялгийн нөөц ихтэй, хөгжиж буй улсын нэг юм . Монгол Улс нь ашигт малтмалын арвин их нөөцтэйгөөс гадна ашигт малтмалын томоохон хэрэглэгч бөгөөд Азийн голлох эдийн засгууд болох БНХАУ, Япон, БНСУ зэрэг улстай газар зүйн хувьд ойр байрладаг нь уул уурхайн салбарын олон улсын болон дотоодын оролцогчдын хувьд бизнесийн ихээхэн ашигтай, сонирхол татахуйц боломжуудыг үүсгэдэг. Монгол улс нь байгалийн нөөцөөсөө нүүрс, зэс, алтыг илүүтэйгээр олборлож байна.

     Монгол Улсын Засгийн газар нь уул уурхайн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн тусламжтайгаар уул уурхайн салбартай холбоотой Монгол улсын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 170 хийдэл байгааг тогтоосон . Тус яамнаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хуулиудын төслийг боловсруулаад байна.

     2020 оны 8 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Засгийн газар нь Монгол улсын томоохон ордуудыг ашиглалтад оруулахаар болсон ба үүнд Цагаан суварга (зэс), Салхит (мөнгө), Зүүн цагаан дэлий (жонш) болон Оюу толгойн далд уурхай (зэс, алт) зэрэг стратегийн болон томоохон ордууд багтаж байгаа.

Үүнээс гадна Засгийн газар нь 2024 он гэхэд Монгол улсын өнцөг булан бүрд ашигт малтмал боловсруулах үйлдвэр (жишээ нь: төмөрлөгийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрс, зэс болон үнэт металл боловсруулах үйлдвэр гэх мэт) барин ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

Байгаль орчин, нийгэм, аюулгүй ажиллагаа болон зохицуулалтын байнгын хувьсан өөрчлөгдөж буй асуудлуудыг шийдвэрлэх нь Монгол улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд амин чухал бөгөөд үүнд зохих алсын хараа, мэдлэг, ур чадвартайгаар хандах хэрэгтэй юм.

Зах зээлийн эрэлт хэрэгцээ, хувьсаж буй орчинг даган уул уурхайн салбар нь Монгол Улсад төдийгүй олон улсад өөрчлөгдсөөр байгаа хэдий ч Монголын уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийх, тэдэнтэй худалдаа, арилжааны хамтын ажиллагаа тогтоохыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид цаашид ч эрмэлзсээр байх болно гэдэгт бид гүнээ итгэж байна.

Уул уурхайн салбарын төслийн санхүүжилт, компани худалдан авах болон нэгдэх нарийн төвөгтэй олон ажиллагаанд оролцсоноор бид зах зээл дээр үйлчлүүлэгч нарт тулгардаг бэрхшээл, асуудлуудын талаар гүнзгий ойлголттой болсон. Манай мэргэшсэн баг нь ашигт малтмалын хайгуулаас эхлээд орон нутгийн байгууллага, олон нийттэй харилцах, хамтарсан үйлдвэр байгуулах, компани худалдан авах, нэгдэх ажиллагаа, компанийн засаглал, төслийн санхүүжилт, уул уурхайн боловсруулах үйлдвэр барих, ашигт малтмал ашиглах, уурхайн хаалт хийх зэрэг уул уурхайн салбарын бүхий л асуудлаар зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Манай Уул уурхай, байгалийн баялгийн салбарын багийг хуульч Гомбосүрэнгийн Батжаргал удирдан ажилладаг.

https://www.mmhi.gov.mn/public/more/id/1116
“Macroeconomic Policy Frameworks for Resource-Rich Developing Countries”. Policy Papers. 2012 (70). 2012-08-24. https://www.elibrary.imf.org/view/IMF007/27654-9781498339995/27654-9781498339995/27654-9781498339995.xml
https://www.mmhi.gov.mn/public/more/id/1116 

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN