Банк Санхүү

     Банкны салбар нь манай улсын санхүүгийн нийт секторын 90 гаруй хувийн бүрдүүлсээр байгаа бөгөөд тус салбарыг Монгол Улсын Төв Банк (зарим асуудлыг Санхүүгийн Зохицуулах Хороо) зохицуулдаг.

     Банкны салбар 1990 онд хоёр шатлалт банкны системд шилжсэнээс хойш нэлээн үймээнтэй түүхийг дамжиж ирсэн гэж хэлж болно. Саяхан буюу 2019 онд нийт арилжааны банкнуудад (ОУВС-гаас 2017-2020 оны хооронд хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд) хийсэн активын чанарын үнэлгээгээр зарим банкнуудын өөрийн хөрөнгө хангалтгүй байгааг тодорхойлжээ. Мөн саяхан болоод өнгөрсөн өөр нэг асуудал бол ФАТФ-аас Монгол Улсыг 2019 онд “хяналтын буюу саарал жагсаалтад” оруулсан бөгөөд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг стратегийн дутагдалтай байдлаа сайжруулж, чангатгах талаар сануулсан. Харин шуурхай арга хэмжээ авсны үр дүнд 2020 оны 10 сард ФАТФ-аас хийсэн шалгалтын мөрөөр Монгол Улсыг саарал жагсаалтаас амжилттай гарч чадсан билээ.

     Эдүгээ зарим банкнуудыг дахин хөрөнгөжүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд Монгол Банк эрсдэлд суурилсан хяналт, хөрөнгийн хүрэлцээ, активд тавих шаардлагын талаар хэд хэдэн журам гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн банкны салбарыг шинэчлэх ажлын хүрээнд, УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д заасны дагуу банкны зээлийн хүүг (одоогоор жилд дунджаар 18%; сард 1,5%) 2023 он гэхэд сарын 1,0% хүртэл бууруулах зорилгоор чанаргүй зээлийг үр дүнтэй, шуурхай шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, барьцааны хөрөнгийг шүүхээс гадуур борлуулах замаар өр төлбөрийг барагдуулах, арилжааны банкнуудын өмчлөлийн төвлөрлийг бууруулах, арилжааны банкнуудыг нийтэд нээлттэй компани болгох, биржийн бус зах зээлийг хөгжүүлэх асуудлаар хууль зүйн шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн 2020 оны 10 дугаар сард УИХ-аар (i) Монгол Улсын арилжааны бүх банкийг 3 жилийн дотор нийтэд нээлттэй болгох, (ii) арилжааны банкны аль нэг хувьцаа эзэмшигчийн өмчлөлийг 6 жилийн дотор тухайн банкны нийт хувьцааны 20%-иас доош болгоход чиглэсэн шинэ хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хэрэв уг хуулийг дээр дурдсан агуулгаар баталбал манай улсын банкны сектор 1990 онд 2 шатлалт тогтолцоонд шилжсэнээс хойших хамгийн том өөрчлөлтөд орохоор байна - одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 арилжааны банкны ихэнх нь хувийн өмчийнх бөгөөд өмчлөлийн өндөр төвлөрөлтэй байдаг. (“Нийтлэл” цэсний “Proposed amendments to the banking legislation of Mongolia файлыг үзнэ үү – англи хэл дээр)

     Эцэст нь дурдахад УИХ-аас гадаадын банкнууд Монголын зах зээлд орох эрх зүйн боломжийг нээх хуулийг батлах гэсэн хүлээлт байсаар байна. Одоогийн байдлаар дараах гадаадын банкны төлөөлөгчийн газраа Улаанбаатарт ажиллуулдаг - Bank of China, ICBC, Tokyo-Mitsubishi болон SMBC банк. ING банкны Монгол дахь төлөөлөгчийн газар 2020 оны 9 дүгээр сард хаагдсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар эдгээр төлөөлөгчийн газрууд зээлийн хүсэлт хүлээн авах, гадаад дахь төв оффист дамжуулах, зах зээлийн судалгаа явуулах зэрэг хязгаарлагдмал үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг.

Манай улсын санхүүгийн салбарын үлдсэн 5 орчим хувийг даатгал, банк бус санхүүгийн байгууллага, брокер, хөрөнгийн менежер, хөрөнгө оруулалтын санд, хөрөнгө оруулалтын банк (андеррайтер), хадгаламж зээлийн хоршоо, аудитор, хөрөнгийн үнэлгээ-чин, санхүүгийн түрээс, ломбард, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч зэрэг санхүүгийн үйлчилгээнээс бүрддэг. Эдгээр үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохицуулдаг.

     COVID-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Банк банкны активыг ангилах журамд өөрчлөлт оруулж, хэрэглээний зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийг 90 хүртэл хоногоор хойшлуулах боломж олгосон. Гэхдээ Монгол Банкны энэхүү шийдвэр нь бизнесийн зээлд үл хамаарахыг анхаарах нь зүйтэй. Бизнесийн зээлийн тухайд бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд банк зээлийн активыг ангилах журамд 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд өөрчлөлт оруулахгүй байх боломжтой ба ингэснээр хугацаа хойшилсон зээлийн ангиллыг хэвээр хадгална гэсэн үг юм - жишээ нь, “хэвийн”-ээс “анхаарал хандуулах”, “чанаргүй зээл” рүү гэх мэт ангилал буурахгүй. Мөн үүнтэй ижил зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хорооноос банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын хэрэгжүүлж байна.

     ХаанЛекс Партнерс ХХН-ийн хуульчид уламжлалт банк, санхүүгийн хэлбэрээс гадна манай улсад хурдацтай нэвтрэн хөгжиж буй “ногоон санхүүжилт”-ийн хууль зүйн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэх эгнээнд ажиллаж байна. “Ногоон санхүүжилт” нь байгаль орчин, уур амьсгалын эерэг өөрчлөлтөд чиглэгдсэн мэргэшсэн санхүүжилтийн үйл ажиллагаа юм.

     Бид “ногоон санхүүжилт”-ийн чиглэлээр хэд хэдэн чухал, тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт, угсармал орон сууцны дулаалгын санхүүжилт, ногоон санхүүжилт дагнан олгох санхүүгийн байгууллага үүсгэн байгуулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөлд амжилттай оролцсоноороо бахархдаг.

     Банк Санхүү нь ХаанЛекс Партнерс хуулийн фирмийн хувьд мэргэжлийн үйл ажиллагааны уламжлалт, хамгийн их туршлага хуримтлуулсан салбар мөн юм. Манай фирмийн хуульчид дотоод, гадаадын банк, бусад үйлчлүүлэгч нарт банк, санхүүгийн өргөн цар хүрээтэй асуудлаар зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсээр байна.

Манай Банк Санхүүгийн салбарын багийг хуульч Б. Энхбат удирдан ажилладаг.

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN