Хөрөнгийн зах зээл securities

     Монголын санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжил өндөр биш байсан хэдий ч сүүлийн жилүүдэд тус зах зээл эрчимтэй хөгжиж байна. 2005 оноос 2020 оны 10 дугаар сарын хооронд Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа нийтэд санал болгосон үнэт цаасны (IPO) бараг тал хувийг нь (тодруулбал, хорин дөрвөөс арван нэг нь) 2017 оноос хойш санал болгожээ. Өөр онцлох хоёр үйл явдлыг дурдвал, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа давхар бүртгүүлсэн (2018 оны 6-р сар) ба Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан нэгж эрхийн арилжаагаа эхлүүлсэн (2020 оны 10-р сар). Арилжааны банкнууд Монголын санхүүгийн салбарын 95%-ийг бүрдүүлдэг гэсэн тооцоо байдаг.

     2020 оны 8 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Зээлийн хүүг бууруулах стратегийн дагуу Засгийн газар нь банкны жилийн дундаж хүүг 18%-аас дээд тал нь 12% болгон бууруулах зорилтыг хангахын тулд банкны салбарын шинэчлэлийг богино хугацаанд хэрэгжүүлэх, Монголын банк, санхүүгийн байгууллагуудын хөрөнгийг нэмэгдүүлэх, өртөг багатай санхүүжилтээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

     Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэхээр болсон бөгөөд энэхүү хууль батлагдвал Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд улмаар тус сан нь хөрөнгийн зах зээлийн урт хугацааны хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр болох юм.

 

     Монголын хөрөнгийн зах зээлд хувьцааны хөрөнгө оруулалт буюу санхүүжилт давамгайлж ирсэн. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо нь компанийн бондын бүтээгдэхүүний эрх зүй, зохицуулалтын үндсийг бий болгоход чиглэсэн журмуудыг гаргахаар төлөвлөж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь финтекийн байгууллагууд болон Монголын финтекийн холбоотой хамтран “Сэндбокс зохицуулалтын журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд энэхүү журам батлагдвал Монгол дахь финтекийн стартап-уудад томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

     2020 оны 10 дугаар сард Монголын хууль тогтоогчид хөрөнгийн зах зээлийн хөгжилд нөлөө үзүүлэх нэгэн шинэ хууль батлахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигч дээд тал нь тухайн банкны нийт хувьцааны 20%-ийг эзэмшиж болох ба одоо байгаа бүх арилжааны банкнуудыг 2022 оны дотор хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж эхлэхийг шаардах тухай санал гараад байгаа юм (одоогийн байдлаар Монгол Улсын бүх арилжааны банкнууд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байгаа ба хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг банк байхгүй байна).

     Манай хуульчид нь үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх аван, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн анхны хуульчдын нэг юм.

     Бид бонд, багц хувьцааны арилжаа, олон нийтэд үнэт цаас санал болгох (IPO, FPO) зэрэг хувьцаа болон үнэт цаастай холбоотой бүх төрлийн хэлцэлд ажиллаж байсан туршлага, мэргэшилдээ тулгуурлан хурдан шуурхай, үр дүнтэй хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг.

     Манай Үнэт цаас, хөрөнгийн салбарын багийг хуульч Гомбосүрэнгийн Батжаргал удирдан ажилладаг.

Эх сурвалж: https://www.tdbcapital.mn/page/ipo-fpo-statistic#1

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN