Барилга Үл хөдлөх хөрөнгө

    Барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл нь Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд олгохыг зөвшөөрдөг. Гадаадын аж ахуйн нэгжүүд уг зорилгоор барилгын тусгай зөвшөөрлийг Монгол улсад охин компани (тусгай зориулалтын аж ахуйн нэгж) үүсгэн байгуулах замаар олж авах боломжтой. Өөр нэгэн арга нь тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсад үүсгэн байгуулагдсан компанийн хувьцааг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь худалдан авах, дараа нь төслийн компанийн менежмент, үйл ажиллагааг сайжруулах замаар төслийг хэрэгжүүлэх явдал юм.

    Ямар ч барилгын төсөл нь тухайн төсөл хэрэгжих газрын эрхийг хуульд заасны дагуу зохих ёсоор авахаас эхэлдэг. Газрын эрхийг Газрын тухай хуульд зааснаар (i) дуудлага худалдаа эсхүл (ii) төсөл сонгон шалгаруулах замаар авч болдог.

    Уг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Газрын тухай хуульд болон төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм, журамд тодорхой заасан байдаг. Хэрэв эдгээр журмыг зөрчвөл газрын эрхийг цуцлах, төлбөр ногдуулах, зөрчлийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

    Газрын эрхтэй болох дараагийн арга нь дээрх хууль, дүрэм журамд заасны дагуу зохих ёсоор Монгол улсын засгийн газраас газар эзэмших эрхээ нэгэнт авсан гуравдагч хуулийн этгээд (компани)-ээс газрын эрхийг нь худалдан авах эсвэл хувьцааг нь шилжүүлэн авах явдал юм. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч газрын эрхийг тухайн хуулийн этгээдэд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор олгосон эсэхийг нягтлахын тулд хууль зүйн шинжилгээ (due diligence) хийх нь чухал юм.

 

    Дотоодын хөрөнгө оруулалттай компани нь “Газар эзэмших эрх”-ийг 60 хүртэлх жилийн хугацаанд эзэмших эрхтэй бөгөөд цаашид хугацааг сунгах, эрхийг шилжүүлэх, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн түрээслүүлэх, барьцаанд тавих эрхтэй байдаг бөгөөд тухайн сунгалт нь 40 жил хүртэл байх боломжтой байдаг. Харин гадаадын хөрөнгө оруулалттай компани нь Монгол улсын хуулиар “Газар эзэмших эрх”-ийн оронд “Газар ашиглах эрх” эдэлж болдог.

    “Газар эзэмших эрх” болон “Газар ашиглах эрх”-ийн ялгаа нь газар ашиглах эрх нь хэн нэгэнд шилжүүлж эсвэл барьцаанд тавих боломжгүй байдаг. Монгол улсын хуульд тодорхойлсноор үл хөдлөх хөрөнгө гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийг ойлгодог. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгөд газар, барилга байгууламж, орон сууц, үйлдвэр болон бусад газар дахь эд хөрөнгө ордог. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг Монголын улсын зохих бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх хуулийн шаардлагатай (“УБГ”). Иймээс үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүхий л хэлцлүүд (худалдах, шилжүүлэх, түрээслэх, барьцаалах, бусдын газар дээрх барилга байгууламж барих, сервитут, узуфрукт зэрэг) (“Гэрээ”)-ийг УБГ-рт бүртгүүлсэн байх ёстой. Гэрээ (дээр дурдсан хэлцлүүд)-г УБГ-рт амжилттай бүртгэсний дараа л тус Гэрээ нь хүчин төгөлдөр болдог хуулийн зохицуулалт байгааг санах хэрэгтэй.

    Гэрээ байгуулахаас өмнө үйлчлүүлэгч тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шалгаж, хамтран өмчлөгч (гэр бүлийн гишүүн эсвэл хамтран хөрөнгө оруулагч гэх мэт) байгаа эсэх болон тус эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн барьцаа байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй. Хэрэв тухайн эд хөрөнгөнд хамтран эзэмшигч эсхүл барьцаа байвал хамтран өмчлөгч эсхүл барьцаалагчаас бичгээр зөвшөөрөл авах зайлшгүй шаардлагатай. Үгүй бол байгуулсан Гэрээ нь Монгол улсын хуулиар хүчингүйд тооцогдох эрсдэлтэй юм. Дээр дурьдсанчлан газрын эрхээс бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх асуудал гадаадын иргэн болон Монгол улсын иргэдийн хооронд хууль эрх тэгш, ижил үйлчилдэг.

    Манай фирм нь үйлчлүүлэгчиддээ Монгол улсад тусгай зориулалтын аж ахуйн нэгж (төслийн компани) үүсгэн байгуулах, холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах, төслийн компанийг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх, газрын эрх болон үл хөдлөх хөрөнгө олж авахад хууль зүйн шинжилгээ хийх зэрэг ажилд хууль зүйн туслалцаа үзүүлж Монгол улсын хууль тогтоомжийн талаар зөвөлгөө үзүүлдэг.

    Барилга/үл хөдлөх эд хөрөнгийн салбарын багийг хуульч И. Учралбаяр удирдан ажилладаг.

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN