Монгол Улс нь зах зээлийн оролцогчдод тэнцвэртэй, үр ашигтай зохицуулалт бүхий эрх зүйн болон бизнесийн орчинг бүрдүүлэхийг чармайсаар ирсэн. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Монгол Улс нь бизнесийн болон хөрөнгө оруулалтын зохих эрх зүйн орчинг бий болгох чиглэлээр томоохон алхмуудыг хийсэн. Тухайлбал, компани худалдан авах болон нэгтгэх (M&A), гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан компани, компанийн санхүүжилт, үнэт цаасны зах зээл, төр-хувийн хэвшлийн түншлэл (PPP), бизнесийн зохион байгуулалт болон хөрөнгө оруулалтын сан зэрэг харилцааг зохицуулах, дэмжих чиглэлээр чухал ач холбогдолтой хууль тогтоомжууд сүүлийн жилүүдэд батлагдсан. Жишээ нь, Концессын тухай хууль (2010), Банкны тухай хууль (2010), Компанийн тухай хууль (2011), Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль (2013), Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013), Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль (2013), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2018), Татварын багц хууль (2019), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019), Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (2019) г.м.
Улсын Их Хурлаас Монгол улсын бизнесийн үйл ажиллагааны бүртгэлийг сайжруулах зорилгоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталсан. Энэхүү хууль нь цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг илүү богино хугацаанд бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, татварын хууль тогтоомжийг олон улсын стандартад, тэр дундаа мөнгө угаах болон татвараас зайлсхийхтэй тэмцэх асуудлыг олон улсын стандартад нийцүүлэх, татварын дэглэмийг сайжруулах зорилгоор татварын багц хууль (тодруулбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль)-ийн шинэчилсэн найруулгыг 2019 онд баталсан. Эдгээр хуулиар өмнөх зарим зохицуулалт, журмыг өөрчлөн, шинэ ойлголт, зохицуулалтыг нэвтрүүлсэн. Жишээлбэл, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR), үнэ шилжилтийн журам, татварын маргаан шийдвэрлэх ажиллагааны журам, татварт ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх болон зардлыг бууруулах журам, татварын алдагдлыг шилжүүлэх журам болон Монгол Улсад байнга оршин суудаг болон оршин суудаггүй татвар төлөгчийн тодорхойлолт зэрэгт холбогдох өөрчлөлт, шинэлэг журмыг нэвтрүүлсэн. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийн хамрах хүрээ, хэлбэр, удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн.
Эдгээр шинэ хуулиудын мөрөөр зохих эрх бүхий байгууллагуудаас илүү нарийвчилсан дүрэм, журмыг боловсруулан, баталж, тухайн харилцаануудыг цааш нь илүү нарийвчлан зохицуулах юм.
Манай хуульчид нь компанийн эрх зүйн олон төрлийн асуудлаар үйлчлүүлэгч тус бүрийн хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ирсэн арвин туршлагатай. Маргаан шийдвэрлэх, гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл, хөдөлмөрийн харилцаа гэх мэт бусад салбарт хуримтлуулсан туршлагадаа үндэслэн бид үйлчлүүлэгчиддээ хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бидний бусдаас ялгарах давуу тал нь энэ салбарын талаарх гүнзгий мэдлэгээ хуримтлуулсан туршлагатайгаа хослуулдагт оршдог.
Манай Компанийн эрх зүй, компани худалдан авах, нэгтгэх ажиллагааны (M&A) салбарын багийг хуульч Гомбосүрэнгийн Батжаргал удирдан ажилладаг.