Нийтлэл

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (ЕСБХБ)-наас “Төлбөрийн чадваргүйдлийн (дампуурлын) үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх ажиллагааны харьцуулсан судалгаа”-ны тайланг нийтлэв

Ковид-19 цар тахлын хямрал нь дэлхийн улс орнуудад санхүүгийн хүнд нөхцөлд орсон хариуцагч ААН-ийг дампуурлын үеийн дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн чухлыг харуулж байна. ЕСБХБ-ны санаачилгаар өөрийн үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын төлбөрийн чадваргүйдлийн (дампуурлын) үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулан судалж, улмаар боловсронгуй болгох санал зөвлөмж бүхий тайланг 2022 оны 2 дугаар сард нийтлэв.

Энэхүү судалгааны хүрээнд ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг нийт 40 орчим орны төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль тогтоомжийг судалсан байна.

Нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн тус судалгааны гол дүгнэлт, эдгээр нь манай улсын дампуурлын тухай хууль тогтоомжид хэрхэн туссан тухай товчлон танилцуулж байна:


I. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: ЕСБХБ үйл ажиллагаа явуулдаг улсуудад шүүхийн хяналт дор дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хууль тогтоомжоор зөвшөөрсөн байдаг.

Монгол Улс: Дахин хөрөнгөжүүлэх үйл явц нь бүхэлдээ шүүхийн хяналт дор явагддаг бөгөөд манай улсын хуульд аливаа холимог хэлбэрийн дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа тусгагдаагүй байна.

(Жич: “Холимог хэлбэрийн дахин хөрөнгөжүүлэх” ажиллагаа гэдэг нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхийн оролцоогүйгээр боловсруулж, улмаар шүүхээр батлуулдаг дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа юм.)

II. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: Талууд шүүхийн хяналт дор дахин хөрөнгөжүүлэх хэлбэрээс гадна, холимог хэлбэрийн болон шүүхээс гадуур (хаалттай тохиролцоо) дахин хөрөнгөжүүлэх гэсэн өөр хоёр хэлбэрийг сонгож болдог.

Монгол Улс: Холимог хэлбэрийн болон шүүхээс гадуур (хаалттай тохиролцоо) дахин хөрөнгөжүүлэх тухай заалт манай улсын хууль тогтоомжид тусгагдаагүй байна.

III. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлдэг .

Монгол Улс: Манай улсад ч дампуурлын хэрэг үүсгэх үеэс нэхэмжлэгчдийн (барьцаат нэхэмжлэгчдийг оролцуулан) үйл ажиллагааг түдгэлзүүлэх замаар хариуцагчийн дахин хөрөнгөжүүлэх боломжийг дэмждэг.

(Жич: нэхэмжлэгчдийн үйл ажиллагааг ийнхүү түдгэлзүүлж буйн үндэслэл нь нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах шаардлагыг орхигдуулахгүйгээр хариуцагчийг дахин хөрөнгөжих төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгон бизнесийн үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилготой билээ)

IV. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: Төлбөрийн чадваргүйдлийн үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад, эсхүл дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөнд заасны дагуу хариуцагчид олгосон зээл, санхүүжилтийн шаардлагыг дарааллын хувьд тэргүүн ээлжид хангахаар зохицуулсан байдаг.

Монгол Улс: Манай орны Дампуурлын тухай хуульд дахин хөрөнгөжүүлэх явцад олгосон санхүүжилттэй холбогдох заалт байхгүй. Харин Иргэний хуульд дампуурлын үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад гэрээ, хэлцэл байгуулах замаар хариуцагчид санхүүжилт олгосон нэхэмжлэгчдийн шаардлагыг барьцаагүй нэхэмжлэгчдийн шаардлагаас өмнө, барьцаат нэхэмжлэгчдийн шаардлагын дараа хангахаар тусгасан.

V. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах явцад хууль болон практикт аль аль нь учир дутагдал байна. Мөн, ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг ихэнх улсад дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний хүрээнд барьцаат болон давуу эрх бүхий нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахад хүндрэл бэрхшээл учирдаг байна.

Монгол Улс: Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах санал хураалтыг нэхэмжлэгчдийн хэд хэдэн тусдаа хэсэг бүрээр явуулдаг (10-аас дээш хувийг эзлэх барьцаат нэхэмжлэгчид, бусад барьцаат нэхэмжлэгчид, ажилчид, барьцаагүй нэхэмжлэгчид г.м.). Олонхийн санал өгснөөр тухайн нэхэмжлэгчдийн хэсгээс төлөвлөгөөг зөвшөөрсөнд тооцно. Нэхэмжлэгчдийн бүх хэсэг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг дэмжээгүй ч шүүхээс төлөвлөгөөг баталж, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг эхлүүлэх эрхтэй. Шүүхээс баталсан төлөвлөгөөг бүх нэхэмжлэгчид (төлөвлөгөөг дэмжихгүй санал өгсөн нэхэмжлэгчдийг оролцуулан) дагаж мөрдөх үүрэгтэй.

VI. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг зарим оронд жижиг, дунд үйлдвэрийн дампуурлын үеийн дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг дэмжихэд чиглэсэн онцлог зохицуулалт байдаг - жишээлбэл, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаатай холбоотой хугацааг богиносгох, дахин хөрөнгөжүүлэх ЖДҮ-д тавин шаардлагыг цөөлөх г.м.

Монгол Улс: Манай улсын хууль тогтоомжид ЖДҮ-ийн дампуурал, дахин хөрөнгөжүүлэлттэй холбоотой тусгайлсан заалт байхгүй. Цаашид ЖДҮ-ийн тоо нэмэгдэж, тэдгээрийн ажлын байр бий болгох, эдийн засагт гүйцэтгэх үүрэг өргөжихийн хэрээр ЖДҮ-ийн төлбөрийн чадваргүйдэл, дахин хөрөнгөжүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт шаардлагатай байж болох юм.

VII. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг амьдралд амжилттай хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл нэлээд тулгарч байна. Тухайлбал, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа оновчтой байх, мэргэжлийн болон ёс зүйн стандартуудыг мөрддөг байх, үр нөлөөтэй байх, бизнесийн үнэ цэнийг дээд төвшинд хангах гэсэн дөрвөн зарчмын хэрэгжилт хамгийн хангалтгүй байна.

Монгол Улс: Дээрхи дүгнэлттэй санал нэг. Манай улсад дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа явуулсан маш цөөн тохиолдол байдаг нь ч тодорхой хэмжээгээр үүнтэй холбоотой болов уу.

VIII. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: ЕСБХБ-ны үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л улсад төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал хангалтгүй байна. Ийм мэдээллийг цуглуулах, нэгтгэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй байна. Ялангуяа дахин хөрөнгөжүүлэх ажиллагааны тухай тодорхой мэдээлэл дутмаг байгаа, мөн хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэхээс илүү татан буулгах нь хавьгүй түгээмэл байгааг цохон тэмдэглэж байна.

Монгол Улс: Дээрх дүгнэлттэй санал нэг. Дампуурлын хэргийг шүүхээс хянан шийдвэрлэсэн тухай статистик мэдээллийн хүртээмж тааруу гэж дүгнэж болно. Нөгөө талаас, Дампуурлын тухай хуульд хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх тухай заасан байдаг.

IX. ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг орнууд: ЕСБХБ нь энэхүү ЕСБХБ дахин хөрөнгөжүүлэх зохицуулалтаас гадна хариуцагчийн чанаргүй зээлийг хянан шийдвэрлэж буй нөхцөл байдлыг судалжээ. Чанаргүй зээлийг оновчтой шийдвэрлэнэ гэдэг нь зөвхөн албадан төлүүлэх, хариуцагчийг татан буулгах тухай ойлголт биш бөгөөд зарим тохиолдолд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх замаар зээлийг эргэн төлүүлэх нь зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч нарт илүү ашигтай байдаг. Чанаргүй зээлийг оновчтой шийдвэрлэхэд хэд хэдэн саад бэрхшээлүүд байна – үүнд, өр барагдуулах ажиллагааг албадан гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй, чанаргүй зээлийг арилжих хоёрдогч зах зээл байхгүй, хэд хэдэн зээлдүүлэгч нар хамтарч, шүүхээс гадуур өрийн бүтцийн өөрчлөлт хийх хангалттай орчин бүрдээгүй байна.

Монгол Улс: Манай оронд ч чанаргүй зээлийг хянан шийдвэрлэх зохицуулалт орчин, практик аль аль хангалтгүй байдаг. Улмаар манай банк, санхүүгийн секторт чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь маш өндөр байдаг. 2019 онд ХаанЛекс ХХН “Чанаргүй зээл, түүнийг хангах барьцаа хөрөнгө, зээлийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийн судалгаа” -г хийсэн байдаг. Тус судалгаагаар манай улсын чанаргүй зээлийг шийдвэрлэх эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, түүнийг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх дүгнэлт, саналыг тодорхойлсон юм. (Жич: тус судалгааны тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу).

Түүнчлэн ЕСБХБ-наас санаачлан хэрэгжүүлсэн “Төлбөрийн чадваргүйдлийн (дампуурлын) үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн зохицуулалтын судалгаа” ”-ны тайланг бүрэн эхээр нь (англи хэл дээр) энд дарна уу).

Уг судалгааны Монгол Улс дахь төлбөрийн чадваргүйдлийн (дампуурлын) үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн зохицуулалтын тухай бүлэгтэй энд дарна уу).

Дээрх судалгаа болон Монгол Улс дахь дампуурлын эрх зүйн зохицуулалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: Батсүхийн Энхбат болон Одхүүгийн НАМУУН.

PDF

Түгээх:

Бусад нийтлэлүүд

MN