Үндэсний хэмжээний хамгийн том банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь олон нийтэд үнэт цаасны танилцуулгаа амжилттай хийлээ.
Танилцуулга арга хэмжээ 2023 оны 4-р сарын 6–ны өдөр 11:30-13:30 цагт “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд болсон ба МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэсэн юм. Тус арга хэмжээнд ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа болон гүйцэтгэх удирдлагын багийн бусад гишүүд банкнаас олон нийтэд санал болгож буй үнэт цаасны танилцуулга, ХААН Банкны одоогийн үйл ажиллагаа болон цаашдын өсөлт хөгжлийн талаар илтгэл тавьсан юм.
“ХаанЛекс Партнерс” ХХН хуулийн фирм нь ХААН Банкны хувьцааг олон нийтэд анх удаа арилжаалах үйл ажиллагаанд хуулийн зөвлөхөөр хамтран ажиллаж, хөндлөнгийн хуулийн дүгнэлт гаргасан бөгөөд бид Монголын үнэт цаасны зах зээл дэх хамгийн том IPO-д хуулийн зөвлөхөөр хамтран ажилласандаа баяртай байна. ХААН Банк нь IPO-ийн хүрээнд нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.khanbank.com хаягаар хандан авах боломжтой. Мөн энэ амралтын өдрүүдээр буюу 2023 оны 4-р сарын 8, 9-ний өдрүүдэд ХААН Банк цамхаг болон Шангри-Ла Молл худалдааны төвд ХААН Банкны IPO танилцуулах өдөрлөг зохион байгуулагдана.