Маргаан хянан шийдвэрлэх Ажиллагаа

     Монгол улсад маргаан хянан шийдвэрлэх хэд хэдэн арга хэлбэрүүд байдаг. Тухайлбал, шүүх, арбитраар хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэх болон эвлэрүүлэн зуучлалаар зуучлуулах. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг болон уламжлалт арга нь шүүх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар маргааныг шийдвэрлүүлэх явдал юм. Монгол улсын шүүхийн тогтолцоо нь дээд шүүх буюу шүүхийн дээд байгууллага, олон тооны давж заалдах шатны (аймаг, нийслэлийн хэмжээнд) болон анхан шатны шүүх (сум буюу сум дундын, дүүргийн)-ээс бүрддэг. Түүнчлэн, Монгол улсын үндсэн хуулиар эрүү, иргэн болон захиргааны хэргээр дагнасан шүүхийн хэлбэрийг зөвшөөрдөг. Иргэний хэргийн шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тухайн талууд (иргэн, хуулийн этгээд)-ын хооронд үүссэн эдийн болон эд хөрөнгийн бус эрхийн маргааныг шийдвэрлэхэд оршино. Харин Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс төрийн захиргааны байгууллага (төрийн байгууллага), агентлаг болон албан тушаалтанд холбогдуулж гаргасан гомдол, нэхэмжлэхийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Монгол улс нь эх газрын эрх зүйн системийг нутагшуулсан тул шүүгчид хэрэг маргаан шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийг жишиг болгож дагах үүрэг хүлээдэггүй билээ.

     Маргаан шийдвэрлэх өөр хэлбэр нь арбитрын ажиллагаа юм. Талууд арбитрын журмаар маргаан хянан шийдвэрлэхээр тохиролцсон аливаа арилжааны төрлийн маргааныг арбитраар шийдвэрлүүлдэг. Арбитрын хэлэлцээр нь бичгээр хийгдэх ёстой байдаг ба маргаан үүсэхээс өмнө эсвэл дараа үйлдэгдэж болдог онцлогтой. Монгол улсад ихэнх арбитрын маргаанууд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын (МОУҮА) газарт хандаж шийдвэрлэгдсэн байдаг. Монгол улсад байдаг өөр нэгэн институционал (байнгын) арбитрын шүүх нь байгуулагдаад удаагүй байгаа Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх арбитр юм. Монгол улсад талууд түр арбитр (Ad hoc arbitration) байгуулж болох ч бодит байдал дээр бараг хэрэглэгддэггүй болно. Арбитрын тухай хуулиар байнгын болон түр арбитрын аль аль нь ижил тэгш эрхтэй байдаг.

     Түүнчлэн, Монгол улс нь 1994 онд 1958 оны Нью-Йорк хотноо байгуулсан “Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” конвенцод гишүүнээр нэгдэн орсон байдаг. Иймд Монгол улс нь өөр улсын харьяаллын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэр болон арбитрын шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэдэг байна. Арбитрын шийдвэрийг гүйцэтгүүлэхийн тулд тус шийдвэрийг Монгол улсын анхан шатны шүүхэд хүргүүлсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэгждэг.

 

     Монгол улсад эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо нь иргэн, хөдөлмөр болон гэр бүлийн эрх зүйн маргаанд хамаардаг. Тодруулбал, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг Монгол улсын анхан шатны шүүхэд ажилладаг албан ёсны зуучлагчдаар дамжуулан хүргэдэг. Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ нь шүүн таслах болон арбитрын ажиллагаа эхэлсэн үед ч ашиглагдах боломжтой уяан хатан байдаг ба цаашлаад арбитрын ажиллагааны явцад болон түүнтэй зэрэг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой.

     Манай хуульчид үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж Монгол улсад маргаан хянан шийдвэрлэх дээрх аргын аль ч хэлбэрээр хууль зүйн үйлчилгээ үзүүлж ирсэн арвин туршлагатай билээ.
Манай хуульчид шүүхийн өмнөх шатанд шүүх ажиллагааны стратеги боловсруулах, нотлох баримт цуглуулах, нэхэмжлэх бэлдэх, үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх зэрэг байдлаар үйлчлүүлэгчийг төлөөлж, үйлчлүүлэгчийн эрхийн хэрэгжилтийг хангахаар хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг.

     Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульч, өмгөөлөгч И. Учралбаяр манай багийг удирдан ажилладаг. Түүнчлэн, тус фирмийн партнер - хуульч Б. Энхбат нь БНХАУ-ын эдийн засгийн онцгой бүс Шэньжэны олон улсын арбитрын арбитрчаар ажилладаг билээ.

Жич: дээр дурдсан зарим ажил нь “Өмгөөллийн ХаанЛекс Партнерс ХХН”-ийн хуульчдын 2014-2018 оны хооронд, дотоодын өөр хуулийн фирмтэй нийлж “Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН” гэсэн нэрээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд удирдан гүйцэтгэсэн ажил болно.

Манай мэргэжлийн
хуульчдын баг

MN